Нэгдүгээр сарын 29-нд шилжих шөнө Израиль Иранд цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэх мэдээллийг Аль Арабия суваг олон нийтийн сүлжээн дэх хаягуудаараа дамжуулан мэдээлэв. Үүний араас Ойрх Дорнодын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээгээр Ираны хот, цэргийн баазуудад дэлбэрэлт гарсан, агаарын түгшүүр зарлаж, онгоц нисэн, босогчид хөдөлсөн талаарх мэдээлэл гарч байлаа. Израилийн эрх баригчид цэргийн ажиллагаа явуулсан талаар албан ёсоор мэдэгдээгүйн дээр цохилт өгсний хариуцлагыг өөр дээрээ хүлээгээгүй юм.
Аль Арабия сувгийн мэдээлснээр, Ираны Тебриз хотод байх үйлдвэрүүд, Исфахан дахь дроны үйлдвэр, Маллард дахь зэвсгийн агуулахууд дээр дроноор цохилт өгсөн байна.Ням гарагт гарсан мэдээллээр, Исфахан хотын ойролцоох цэргийн объект руу халдсан гурван дроныг Ираны арми амдан устгасан гэж Ираны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Барууны хэвлэлүүд энэ цохилтын ард Израиль байсан гэж мэдэгдсэн бол Израилийн хэвлэлүүд Иран дахь цэргийн объектуудад хийсэн цохилт амжилттай болсон гэж мэдэгдсэн байна. Харин Ираны Батлан хамгаалах яам үүнийг үгүйсгэж, дроныг амдан устгасан, үйлдвэрийн ажиллагаанд доголдол гараагүй хэмээн мэдэгджээ.
Исфахан мужид байх зэвсгийн үйлдвэр рүү дронууд халдсан талаарх мэдээллийг анх Tasnim агентлаг дамжуулсан байна. Түүнчлэн Ираны баруун хэсэгт байх Дизфуль хотод дэлбэрэлт гарч, Хамадан, Решт хотуудад ч дэлбэрэлт, гал түймэр гарсан талаар IRNA мэдээлжээ.
Ираны нийслэл Тегеранд ч дэлбэрэлт гарсан гэх бөгөөд орон нутгийн оршин суугчдын мэдээлснээр Засгийн газрын барилгууд руу ч довтолж, Ираны нийслэл дээгүүр онгоц хөөрсөн гэнэ. Энэ үйл явдлын улмаас амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Ираны Батлан хамгаалах яам "дроны цохилтын улмаас цэргийн үйлдвэрийн дээвэр бага зэрэг гэмтсэн" гэж мэдээлсэн бол Израилийн Иерусалим Пост сонин барууны тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ довтолгоо амжилттай болсон, цэргийн үйлдвэр дээр дөрвөн том дэлбэрэлт болж, ихээхэн хохирол учруулсан хэмээн онцолжээ.
Халдлагын ард хэн байгаа вэ?
Америкийн Wall Street Journal сонин Америкийн тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ халдлагын ард Израиль байгаа хэмээн онцолж, энэ мэдээллийг Ройтерс агентлаг ч баталжээ.
Израиль улс Ираны цэргийн үйлдвэрлэлийг устгах зорилгоор тус улсын нутаг дэвсгэр дээр тусгай цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэж Аль Арабия суваг мэдээлсэн юм. Харин энэ мэдэгдэлд Израиль улс ямар нэг тайлбар өгөөгүй хэвээр байна.
Иран улс Оростой батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэргээр "байдлыг тогтворгүйжүүлэх" алхам хийж байгааг сөрөн зогсох асуудлыг Израиль, Америкийн тал хэлэлцэж байгаа үед энэ халдлага болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс Израильд гэнэтийн айлчлал хийсэн бол Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Иран болон бүс нутгийн бусад асуудлаарх Америк, Израилийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр нэгдүгээр сарын 30-ны өдөр Израильд айлчлах юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ, Израиль түүхэндээ томоохонд тооцогдох хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн бөгөөд энэ сургуулилалтад хоёр талаас 7500 гаруй цэргийн алба хаагч оролцож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |