Жүжигчин И Ён Э Ганнамд болсон түймрийн хохирогчдод 100 сая вон хандивлажээ

Солонгосын хамгийн алдартай түүхэн кинонуудын нэг “Дэ Жангум"-ийн гол дүр Жангум нэрээрээ олонд танигдсан жүжигчин И Ён Э саяхан Сөүлд гарсан гал түймэрт өртсөн хүмүүст хандив өгчээ.
Тодруулбал, Ганнамын нэгэн тосгонд маш том хэмжээний түймэр гарч, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн аж. Тус тосгонд байх нийт байшингийн 60 хувь нь шатжээ.
Тус гал түймрийн үед эх сурвалжийн мэдээлснээр, гал түймэр өглөө эрт гарсан бөгөөд хорооллын галыг унтраахаар 170 гал сөнөөгч, 53 техник, долоон нисдэг тэрэг ажилласан байна.
Ганнам дүүргийн захад байх энэ ядуусын хорооллыг Сөүлийн хамгийн сүүлчийн энэ төрлийн хороолол гэж нэрлэдэг. Энд хэт шавааралдуулан барьсан олон барилга байдаг аж. Эрх баригчдын мэдээлснээр, орлого багатай хүмүүс оршин суудаг хэдэн зуун барилга энд байдаг юм байна.
Жүжигчин И Ён Э түймэрт өртсөн хүмүүст зориулж 100 сая төгрөгийг хандивласан байна. Тэрбээр “Гэнэтийн гал түймрийн улмаас орон гэргүй болж, амьдрал нь тун хэцүү болсныг дууллаа. Энэ мэдээг сонсоод зүрх сэтгэл минь өвдөж, бага ч гэсэн туслахыг хүссэн юм” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ