Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболорын бэлтгэсэн шүүхийн шийдвэрийн мэдээллийг хүргэе.
Өсвөр насны шүүгдэгч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э-г төрсөн эгчид нь архи өгсөн байна гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр халдаж хохирогчид 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийн, өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх шинжийг шаарддаг ба шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг төрсөн эгчид нь архи уулгасан гэх шалтгаанаар зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Харин өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн төрсөн эгч болох М, хохирогч Э нар нь f71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой болох нь тогтоогдсон мөн хохирогч Э-г хөгжлийн бэрхшээлтэй буюу оюуны хүндэвтэр хомсдолтой болохыг өсвөр насны шүүгдэгч мэдээгүй, харин хохирогчийг түүний төрсөн эгчийн оюуны хомсдолтой байдлыг далимдуулан архи уулгасан гэж бодсоны улмаас хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон буюу өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн өсвөр насны шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Хураангуйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор
Уншиж байна |