Цөмийн салбарын эрдэмтэд Шүүлтийн өдрийн цагийг 10 секундээр урагшлуулж, энэ ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон талаар бид мэдээлсэн.
Шүүлтийн өдрийн цагийг урагшлуулах арга хэмжээнд Ц.Элбэгдорж оролцжээ
Тэрбээр энэ арга хэмжээнд The Elders байгууллагын гишүүний хувиар оролцсон байна. Ричард Брэнсон, Нельсон Мандела нар үүсгэн байгуулж байсан энэ байгууллага нь шийдвэрлэхэд хүнд асуудлуудтай тэмцэхэд манлайлдаг, шийдэмгий, алдартай, нөлөөтэй зүтгэлтнүүдийн бүлэг аж.
Манделагийн эхнэр Граса Машел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Колумбын Ерөнхийлөгч асан Хуан Мануэль Сантос, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон нарын гишүүнтэй энэ байгууллагад Цахиагийн Элбэгдорж 2022 онд элсэн орсноор гишүүдийн тоо 15 болж байв.
The Elders байгууллагын хоёр гишүүн болох Мэри Робинсон, Ц.Элбэгдорж нар Шүүлтийн өдрийн цагийг урагшлуулах арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр тэд байр сууриа илэрхийлжээ.
"Шүүлтийн өдрийн цаг нь хүн төрөлхтөнд түгшүүрийн харанга дэлдэж байна. Бид ангалын ирмэг дээр ирсэн. Гэхдээ манай удирдагчид амьдрахад тайван гараг байлгахын тулд хангалттай хурдтай, хангалттай өргөн цар хүрээтэй ажиллаж чадахгүй байна" хэмээн Мэри Робинсон мэдэгджээ.
Харин The Elders байгууллагын орлогч дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ 2023 он аюулаас сэрэмжлэх тал дээр арга хэмжээ авахад амин чухал жил хэмээн онцолсон байна.
"Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог орны ерөнхийлөгч байсны хувьд нүүр тулсан аюул заналтай тэмцэх тал дээр олон улсын дипломат ажиллагаа нэн чухал гэдгийг мэднэ. Өнөөдөр манай дэлхий олон хямралтай тулгарч байна. Энэ хямралуудыг нэгтгэх нэг л учиг байна, энэ бол манлайллын нуран унасан явдал. Энх тайвнаар зэрэгцэн орших, тогтовортой хөгжих замд биднийг эргүүлэн оруулах, НҮБ-ын Дүрэмд заасан үнэт зүйлс дээр тулгуурласан хамтын хариу арга хэмжээ бидэнд хэрэгтэй" хэмээн Ц.Элбэгдорж өгүүлсэн байна.
Мягмар гарагт Вашингтон хотноо Шүүлтийн өдрийн цагийг 10 секундээр урагшлуулсан юм. Ийнхүү урагшлуулснаар цагийн зүү шөнө дундыг заахад 90 секунд болсон гэж эрдэмтэд мэдэгдсэн. Цагийн зүү шөнө дундыг заах нь дэлхийн цөмийн сүйрлийг бэлгэдэх бөгөөд цагийн зүү шөнө дундад ойртох тусам дэлхий дахин сүйрэлд ойртож байгааг илтгэнэ гэж цөмийн шинжээчид үздэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |