Шүүлтийн өдрийн цагийг 10 секундээр урагшлуулснаар цагийн зүү шөнө дундыг заахад 90 секунд болсон гэж эрдэмтэд мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
Цагийн зүү шөнө дундыг заах нь дэлхийн цөмийн сүйрлийг бэлгэдэх бөгөөд цагийн зүү шөнө дундад ойртох тусам дэлхий дахин сүйрэлд ойртож байгааг илтгэнэ гэж цөмийн шинжээчид үздэг юм. Шүүлтийн өдрийн цагийн зүүг урагшлуулж байгааг Вашингтон хотноо шууд дамжуулжээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон байна.
Энэ цагийг анхны цөмийн бөмбөг бүтээгчид 1947 онд гаргасан бөгөөд Чикагогийн их сургуулийн "Цөмийн салбарын эрдэмтдийн жагсаалт" сэтгүүлийн нүүрэн дээр цагийн зүү хэдийг зааж байгаа талаарх зургийг нийтлэх болсон байна. Цагийн зүүг хааш нь хөдөлгөхийг сэтгүүлийн захирлуудын зөвлөл болон Нобелийн шагналтнуудаас бүрдсэн, урилгаар оролцсон шинжээчид шийддэг аж.
Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойш нийтдээ 25 удаа цагийн зүүг хөдөлгөж байжээ. Энэ удаад шөнө дунд болоход 90 секунд дутуу байгаагаар цагийн зүүг урагшлуулсан нь Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойших бүхий л түүхэнд цагийн зүү сүйрэлд хамгийн ихээр ойртсон тохиолдол юм.
Ийнхүү цагийн зүүг урагшлуулсан нь Орос, Украины дайн зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой гэж эрдэмтэд мэдэгджээ.
"Бид нэн аюултай цаг үед амьдарч байна. Цаг шөнө дунд болоход 90 секунд дутууг зааж байгаа нь Цагийн зүү урьд хожид харуулж байгаагүй, сүйрэлд нэн ойртсон цаг хугацааг харуулж байна. Энэ шийдвэрт манай шинжээчид нэн нухацтай хандаж байгаа" хэмээн сэтгүүлийн ерөнхийлөгч Рейчел Бронсон мэдэгджээ.
Хамгийн сүүлд цагийн зүүг 2020 онд урагшлуулсан бөгөөд тухайн үед шөнө дунд болоход 100 секунд дутуу байгааг харуулж байв.
Украины эсрэг Орос дайн өдүүлсэн, Оросын талаас цөмийн зэвсгийн талаарх сүрдүүлэг гарсан зэрэг нь энэ жил цагийн зүүг урагшлуулахад нөлөөлжээ. Мөн Оросын түрэмгийллийн улмаас Чернобыл болон Запорожийн цөмийн реакторууд олон улсын протоколыг зөрчин байлдааны үйл ажиллагаа явагдаж байгаа бүсэд хамаарах болсон нь цацраг идэвхит материал алдагдах аюул заналхийлж байгааг эрдэмтэд онцолжээ.
Түүнчлэн, Украины дайнаас гадна Хятад улс цөмийн хүчин чадлаа ихээхэн өргөтгөж байгаа нь онцгой аюул заналхийлж байгаа, мөн БНАСАУ дунд болон алсын тусгалт пуужингуудын туршилтын тоог нэмсэн, Иран цөмийн салбарт нөөц боломжоо нэмэгдүүлэх магадлалтай, Энэтхэгт цөмийн зэвсэг боловсруулж байгаа зэрэг нь Шүүлтийн өдрийн цагийн зүүг урагшлуулахад нөлөөлжээ.
Энд дуулгахад, хүйтэн дайны ид үед буюу 1953 онд Шүүлтийн өдрийн цаг шөнө дунд болоход хоёр минут дутуу байгааг зааж байсан аж. Үүний дараа, Карибын хямралын үед 1962 онд аюултай нөхцөл байдал үүссэн ч энэ хямрал хурдан шийдэгдсэн тул цагийн зүүг хөдөлгөж амжаагүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |