Францын талх нарийн боовчид цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцэн Парис хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Энэ талаар Франс пресс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Талх нарийн боовчид болон гар урлаачид тэсэж үлдэхийн төлөөх хамтрал" уриатай жагсаал даваа гарагт болсон байна. Цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцсэн талхчдын жагсаал даваа гарагт Үндэстний талбай дээр зохион байгуулагджээ.
Парисын цагдаагийнхны мэдээлснээр, энэ жагсаалд мянга орчим хүн оролцсон байна. Жагсаалд оролцогчид "Макро, ямар нэг юм хий! Энэ бол талхчдын хувьд төгсгөл!", "Жижиг бизнесд зориулсан шударга тариф тогтоо!", "Талхчид бид ажлаа үргэлжлүүлмээр байна!" гэсэн бичиг барин жагсжээ.
"Би Парист талх, нарийн боовны чиглэлээр ажилладаг. Манай талхны газарт цахилгаан эрчим хүчний үнэ зургаа дахин өссөн. Өмнө нь бид сард 1000 евро төлдөг байсан бол одоо цахилгааны төлбөр 6000 евро гарч байна. Засгийн газраас 1000 еврогийн дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр бид цахилгааны мөнгөө төлөхийн тулд хаа нэг газраас дахин 5000 евро олох шаардлагатай болж байгаа юм" хэмээн жагсаалд оролцогч эмэгтэй Франс пресс агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Францад нүүрлэсэн эрчим хүчний хямралын улмаас талх нарийн боовны салбарынхан үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болсон талаар жагсагчид өгүүлсэн байна. Энэ улсад түүхий эдийн өртөг болон цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас 2023 оны нэгдүгээр сараас эхлэн зарим байгууллага бүтээгдэхүүний үнээ нэмэхээс аргагүй болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |