Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд болсон онцлох үйл явдлын нэг АН даргын ээлжит сунгаан болов. 2020 оны сонгуулиас хойш үргэлжилсэн үл ойлголцыг эцэс болгохоор ҮБХ-гоо хуралдуулж, ээлжит даргаар Л.Гантөмөрийг сонголоо. Харин одоо Л.Гантөмөрыг дараагийн дарга болсноор АН-ынхан эвлэх үү, эвдрэлцэх үү гэх хүлээлт үүсэж байна. Өнгөрсөн гурван жилийн турш АН дотроо хангалттай толхилцсон.
Харин энэ удаад С.Баярцогт, Л.Гантөмөр нар нам төдийгүй төр дэх эрх мэдлээ олж авахаар ханцуй шамлан орж ирлээ. Л.Гантөмөрийг АН-ынхан шилдэг сэхээтнүүдийн нэг, төлөвшсөн улстөрч гэх малгай өмсгөн "урдаа барив". Түүний хувьд Боловсрол шинжлэх ухааны яамыг дөрвөн жил удирдахдаа "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан тухайн үедийн БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг иргэн Д.Цэрэндолгор "Мүүн"-ий шашинтайг илчилсэн цуврал нэвтрүүлэг нийтэд хүрснээр Л.Гантөмөрт нам нь хэсэг хугацааны "амралт өгч" байв. Тэгвэл түүний урт хугацааны дараа хагарч бутарсан намын эв нэгдлийг хангах ажлыг намынхан нь хариуцууллаа.
Мэдээж процессын дагуу Ардчилсан намынхан дараагийн дарга Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандана.
Гэвч асуудлыг гогцоо нь С.Эрдэнэ. Намаа сонгуульд ялагдалд хүргэсэн буруутан болж, намын тамга, даргын суудлаа Ц.Туваанд өгсөн гэх асуудлаас үүдэн хагаралдаж ирсэн АН-ын зовлон С.Эрдэнэ болсон. Учир нь С.Эрдэнэ "Надад байгаа тамга албан ёсных, дээд шүүхэд бүртгэгдсэн дарга нь би" гэдэг.
Өнгөрсөн баасан гарагт "Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг сонголоо" гэх мэдээлэлтэй зэрэгцэн С.Эрдэнэ даргатай АН-ынхан "АН-ын ҮБХ-ны хурал гээч дүрмийн бус улстөрийн жүжиг шоу мэт хурлууд хүчингүй бөгөөд АН-ын мянга мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм. Эндээс хэн ч гарсан эрх зүйн чадамжгүй хууль бус дарга байх болно" хэмээн мэдэгдсэн. Нэг үгээр С.Эрдэнэ дахин тас гүрийлээ.
Тэгэхээр АН дараагийн дарга Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт хүргүүлэхээсээ өмнө С.Эрдэнэтэй эв нэгдлээ хангаж, зөвшөөрлөө авах нь илүү чухал асуудал юм...
П.ГОО