Орос, Балтийн орнуудын хооронд дипломат тэмцэл өрнөж, талууд ширүүн мэдэгдэл хийж, харилцан элчин сайдуудыг хөөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Таллин дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтны тоог бууруулж, 21 дипломатчийг найм болгох, томилгоот 23 ажилтны тоог 15 болгон бууруулахыг Эстонийн Гадаад хэргийн яам нэгдүгээр сарын 11-ний өдөр шаардсанаас үүдэн хурцадмал байдал дэгдсэн юм. Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яам Эстонийн элчин сайдыг хоёрдугаар сарын долооны дотор Оросыг орхин гарахыг шаардсан байна.
"Нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яаман эдэр Эстонийн элчин сайд М.Лайдрег дуудан уулзсан. Түүнд Эстонийн эрх баригчдын үйлдэлтэй холбоотойгоор шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн. Эстонийн Элчин сайд 2023 оны хоёрдугаар сарын долооны дотор ОХУ-ыг орхин гарах нь зүйтэй" хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгджээ.
Үүний хариуд Эстони улс ч Оросын Элчин сайдыг хөөн гаргах болсноо зарлалаа.
"Бид Оростой харилцах харилцаанд ижил тэгш зарчим баримталж байна. Ингэснээр Оросын Элчин сайд нутаг буцна" хэмээн Эстонийн Гадаад хэргийн яамны Твиттер хуудсанд бичжээ.
Үүний араас Латви улс Оросын элчин сайдыг нутгаасаа хөөж, дипломат харилцааны түвшинг бууруулж байгаагаа мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |