2023 оны Төсөвт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор төлөвлөсөн төлөвлөгөө Монгол Улсын бүртгэлийн байгууллагын үнэн төрхийг илчилж байна. Маш олон иргэдийн бухимдуулсан үйл явц, иргэн, айл өрхийн бүртгэлийг эмх цэгцэнд оруулах ёстой сануулга байв. Ямартай ч энэ үйл явцаас эхлэн иргэн, өрхийн бүртгэлийг хариуцдаг төрийн байгууллагууд бүртгэлээ цэгцлэхээр цаг наргүй ажиллаж байгаа сурагтай.
Тэгвэл бүртгэлийн байгууллагатай холбоотой бас нэгэн асуудал Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр дэгдлээ. Энэ нь Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулаад олон жил болсон компанийн мэдээлэл ор сураггүй устгагдсан гэх асуудал. Бүр тодруулбал, Ч.Ундрам гишүүний аавын "Өсөх зоос" компанийн мэдээлэл бүртгэлээс устгагджээ. Сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Вояжер минерал ресурсес"-ийн эцсийн өмчлөгч 86 хувь нь Ч.Чинбат. Идэвхтэй хувьцааны 86 хувийг Монзол гэх мэт хэд хэдэн компани эзэмшиж байна. Харин Монзол ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр "Өсөх зоос" компани бүртгэлтэй. Гэвч "Өсөх зоос" компанийн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчтэй холбоотой мэдээлэл Улсын бүртгэлээс устгагдсан. Бүртгэлийн байгууллага ажилтнуудынхаа сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна" гэлээ.
Яг үүнтэй ижил асуудал өнгөрсөн хавар дэлгэгдэж байв. Монголдоо томоохонд тооцогдох компанийн эзэн хөрөнгийн маргаан гарахтай зэрэгцэн УБЕГ-ын байцаагчаар гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулсан байдаг. Улмаар энэ асуудлыг шүүх авч хэлэлцэн гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээж байв. Олон нийтэд ил болсон нь л энэ.
Хуульд зааснаар Монгол Улс улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байдаг. Гэтэл хэн дуртай мөнгөтэй хөрөнгөтэй, эрх мэдэлтэй нэг нь л төрийн нэгдсэн сан руу хуруу дүрж дураараа аашилж байна. Хүсвэл бүртгүүлнэ, хүсэхгүй бол устгуулна. Уг нь хуульд бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах ажлыг зөвхөн улсын бүртгэгч л хийнэ гэж заасан. Гэтэл дээрх шүүх дээр очсон асуудал бол УБЕГ-ын байцаагчийн хийсэн л ажил....Нэг үгээр Монгол Улсын өмч болсон бүртгэлийн нэгдсэн мэдээлэл УБЕГ-ын нэг байцаагчийн хүсэл сонирхлоор л шинэчлэгдэж байгаа нь анхаарал татаж байгааг сануулах нь илүүц биз. Энэхүү замбараагүй, дураараа үйл ажиллагаанд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан анхаарал хандуулах шаардлагатай байна.
П.ГОО