"Rust" киноны зураг авалтын үеэр Холливудын жүжигчин Алек Болдуин зураглаач Галина Хатчинсийг санаандгүй байдлаар хөнөөсөн хэрэгт буруутгагдахаар болсон талаар ВВС мэдээлжээ.
Украин гаралтай зураглаач Галина Хатчинс 2021 оны 10 дугаар сард зураг авалтын үеэр амиа алдсан юм. Тухайн үед Болдуин гар буу ашиглах хэсгийн зургийг авч байсан бөгөөд Болдуины буунд байлдааны зориулалттай сум байжээ. Улмаар буудаж буй хэсгийн зураг авах үед Болдуин гар бууны гохыг дарж, сум Галина Хатчинсийг онож хөнөөсний дээр киноны найруулагч Жоэл Соуз ч мөн суманд өртөн шархадсан харамсалтай хэрэг гарч байв.
Жүжигчин Болдуин "Кольт" гар бууг авч, түүнийг камер руу чиглүүлэн сургуулилалт хийж байжээ. Тухайн үед жүжигчин бууг хоосон сумаар цэнэглэсэн гэдэгт итгэлтэй байсан, учир нь бууг өгсөн найруулагчийн туслах "cold gun" гэж хашгирсан бөгөөд энэ нь зэвсэг аюулгүй гэдгийг илтгэдэг аж. Гэвч үнэндээ гар буунд байлдааны сум байсан, харин энэ сумаар бууг хэн, хэрхэн цэнэглэсэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор, зэвсгийг хариуцаж байсан менежер Ханна Гутьеррес-Ридийг ч мөн санаандгүй байдлаар хүний аминд хүрсэн хэрэгт буруутгахаар болжээ. Пүрэв гарагт Санта-Фе тойргийн прокурор Кармак-Олтвис мэдэгдэл хийхдээ, энэ сарын эцэс гэхэд жүжигчин Болдуин болон менежерт ял онооно хэмээн онцолсон байна.
"Хуулиас дээгүүр хэн ч байхгүй, хүн бүр зохих шийтгэлээ хүлээх ёстой" хэмээн тойргийн прокурор мэдэгдсэн байна.
Болдуин болон Гутьеррес-Рид нарын хэргийг тангарагтны шүүх шийдвэрлэх бөгөөд тэднийг гэм буруутай гэж үзвэл 18 хүртэлх сарын хорих ял, 5000 долларын торгууль оноож болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |