Хятадын Коммунист нам тус улсад ковидын улмаас нас барсан хүмүүсийн бодит тоог нууж байна гэж шинжээчид үзэж байгаа талаар The Epoch Times сонин мэдпээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, эрх баригчид хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ олон мянган хүн нас барсныг хүлээн зөвшөөрсөн ч үнэн хэрэгтээ энэ тоо хэд дахин өндөр байгаа гэнэ.
Хятадын Эрүүл мэндийн улсын хороо нэгдүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл хийхдээ 2022 оны 12 дугаар сараас хойш коронавирусийн халдварын улмаас 60 000 хүн нас барсан гэж хүлээн зөвшөөрсөн юм. Өмнө нь ердөө 37 нас баралтын талаар мэдээлж байсан эрх баригчдын хувьд дээрх тоо нь харьцангуй өндөр хэдий ч бодит байдлыг мөн л дарагдуулсан тоо гэж шинжээчид үзэж байна.
"Саяхан зарласан нас баралтын тоо ч эргэлзээ сэжиг төрүүлж байна" хэмээн Тайвань дахь Чэнчи үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Сонг Го-чэн өгүүлжээ.
Өргөн цар хүрээтэй халдварын дэгдэлт
Хятадын Бээжингийн Их сургуулийн хийсэн судалгаагаар нэгдүгээр сарын дунд үе гэхэд энэ улсын хүн амын 64 хувь буюу 900 сая хүн коронавирусийн халдвар тусчээ.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо халдварын талаарх хоногийн мэдээллийг нийтлэхээ больж, нас баралтыг хэдэн арваар л хэмжигдэж байгаа гэж саяхныг хүртэл мэдэгдэж байлаа. Гэвч өвчтөнөөр дүүрсэн эмнэлэг, ачааллаа дийлэхээ больсон шарил чандарлах газруудын нөхцөл байдал Хятадад халдварын тархалт эрх баригчдын мэдэгдэж байгаагаас огт өөр байгааг харуулж байна гэж The Epocht Times онцолсон байна.
Хятадын эрх баригчдын мэдээлсэн, нийт улс даяар бүртгэгдсэн халдварын тооноос ч хэт давсан тоон үзүүлэлт бусад мужуудад бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал, 99,4 сая хүн амтай Хэнань мужид нэгдүгээр сарын зургааны өдрийн байдлаар нийт хүн амынх нь 89 хувь нь коронавирусийн халдвар авчээ. Харин гурванс ая хүн амтай Хөх хотын эрх баригчдын мэдээлснээр, нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар энэ хотын хүн амын 74-81 хувь нь вирусийн халдвар авсан байна.
"Өөр өөр эх сурвалж, онлайн тооцооллоос авсан мэдээлэл Хятадын Коммунист намаас зарласан тооноос эрс зөрж байна. Энэ нь Коммунист нам одоо хүртэл халдварын цар хүрээг нуун дарагдуулж, тоон мэдээллээр тоглож байгааг харуулж байгаа юм" хэмээн Тайванийн Чэнчи үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Сонг Го-чэн өгүүлжээ.
Стэнфорд дахь Гуверийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Трампын захиргаанд коронавирусийн асуудлаарх зөвлөх байсан доктор Скотт Атлас ч мөн ийм байр суурь илэрхийлсэн байна.
"Бид Хятадаас ирж буй тоон мэдээлэлд итгэх арга алга. Ямар ч утга авцалдаагүй мэдээлэл ирж байна" хэмээн Скотт Атлас сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Нас баралтын тоог нууж байна
Коронавирусийн цар тахал эхэлсэн үеэс л Хятадын Коммунист нам мэдээллийг нуун дарагдуулсан, өөрсдийнх нь нэр хүндэд халдсан гэж үзсэн мэдээллийг цацахыг хориглож байсныхаа улмаас ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Уханьд 2019 оны сүүлээр вирус анх илрэхэд Коммунист нам халдварын тархалтын цар хэмжээг нуун дарагдуулж, гэрчүүдийг ам нээхгүй байхыг шахаж дарамтлан, улмаар нөхцөл байдал цар тахал болтлоо өргөжих нөхцлийг бүрдүүлсэн юм.
Асар их хүн амтай энэ оронд, гурван жилийн хатуу хязгаарлалтын улмаас оршин суугчдынх нь дархлаа эрс муудсан нөхцөлд хөл хориог сулруулсны дараа халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед албаны этгээдүүдийн мэдээлэл болон шарил чандарлах газрууд, эмнэлгийн ажилтнууд болон оршин суугчдын мэдээлэл хооронд ихээхэн зөрүү гарч байна.
Шанхай хотын шарил чандарлах газрын ажилтан The Epoch Times сонинд мэдээлэл өгөхдөө энэ газар өдөрт 400-500 шарил чандарлаж байгаа хэмээжээ. Хэдийгээр чандарлах газар амралтгүй ажиллаж байгаа ч талийгаачийнхаа цогцосыг өгөх гэсэн хүмүүсийн урт дараалал татрахгүй л байгаа гэнэ.
Шарил чандарлах газрууд бүтэн өдрийн туршид, амралтын өдөргүй ажиллаж байгаа бол сүүлийн сард гэхэд л 6 000 000 шарилыг чандарласан байж болзошгүй гэсэн таамаглалыг Уолтер Ридийн судалгааны хүрээлэнгийн вирусийн өвчлөлийн лабораторийн захирал асан, вирус судлаач Шо Лин дэвшүүлжээ. Гэхдээ түүний таамагласан энэ тоо нь нийт нас баралтын ердөө тал орчим хувь нь байж болзошгүй бөгөөд учир нь орон нутагт чандарлах үйлчилгээ байдаггүй тул хүмүүс талийгаачаа ердийн журмаар оршуулдаг аж.
Орон нутагт ковидтой хэрхэн тэмцэж байгаа вэ
Томоохон хотуудтай харьцуулахад эмнэлгийн үйлчилгээ нь ихээхэн хоцрогдсон байдаг хөдөө орон нутагт коронавирусийн халдварын нөхцөл байдал тун хүнд байгаа гэнэ. Хятадын өмнөд зүгт байх, 14 мянган хүн амьдардаг Чиша сууринд гэхэд 70-аас дээш насныхан, тэр дундаа хууч өвчинтэй хүмүүс олноор нас барж байгаа талаар тус суурингийн оршин суугч The Epoch Times сонинд ярьжээ.
Түүний өгүүлснээр, коронавирусийн халдвар хурдацтай дэгдсэний улмаас эм бэлдмдэл хомстож, эмч нар халдвартай хүмүүст тариа хийхээр гэрт нь очдог байсан ч удалгүй эм тариа нь дуусаж, ингээд эмнэлгийн тусламж авч чадахгүй байсан ахмад настнууд олноороо нас барсан гэнэ. Ихэнх хүмүүс гэртээ нас барсан тул энэ мэдээлэл нас баралтын албан ёсны мэдээлэлд багтаагүй байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Мөн The Epoch Times сонины мэдээлснээр, Хятадын Коммунист нам эмч, оршуулгын газрын ажилтнуудыг хүмүүсийн нас баралтын талаарх бодит мэдээллийг нуун дарагдуулахыг шахаж шаардаж байгааг илтгэх шинж тэмдгүүд олонтаа гарч байгаа гэнэ.
Тухайлбал, 2022 оны 12 дугаар сард Аньхой мужийн оршуулгын товчооны захирал сонинд мэдээлэл өгөхдөө, нас барсны гэрчилгээн дээр нас баралтын үндсэн шалтгааныг коронавирусийн халдвар гэж бичилгүй харин уушгины халдвар гэх зэрэг үг ашиглахыг эрх баригчид шаардаж байсныг онцолсон байна.
Ийнхүү гурван жилийн өмнө халдвар анх тархахад мэдээллийг нуун дарагдуулснаас болж халдварыг газар авахуулж, улмаар дэлхий даяар тархсан цар тахал болгоход "гол үүрэг гүйцэтгэсэн" Хятадын Коммунист нам одоо дахин улс орон дахь халдварын бодит байдлыг нууснаар дэлхий дахинд шинэ эрсдэлийг бий болгож байна гэж ажиглагчид үзжээ.
Г.Бямбасүрэн