Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж, Пи Си Вай ХХК-ийн мэдээллийг сонслоо. Сонсголд гэрчээр тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Энхбаатар нарыг дуудсан ч гадаад руу явсан шалтгаанаар ирсэнгүй.
Тус компани ноолуурын үйлдвэрийг өргөтгөхөөр Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны 06 дугаар сард авч, 2019 оны 12 дугаар сарын 05-нд төлөхөөр гэрээ хийжээ. Зээлийн 3.5 тэрбум төгрөгийг төлөөгүй бөгөөд одоо зээл, хүүгийн төлбөр нийтдээ 5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Пи Си Вай ХХК-ийг Батаагийн Гантүлхүүр 100 хувь зэмшдэг. Хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн 3.5 тэрбум төгрөгийг Б.Гантүлхүүр бэлнээр зарлагадаж авсан бол 500 сая төгрөгийг иргэн Баяр-Өлзий бэлнээр авчээ.
Хөгжлийн банкны дэд захирал З.Батырбек “Б.Гантүлхүүр Монголд байдаггүй, оргон зайлсан. Холбогдох хуулийн байгууллагад хандаж, эрэн сурвалжилж байгаа. Бид энэ хүнтэй уулзахаар олон удаагийн оролдлого хийсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Зээлийн нийт барьцаа хөрөнгийн 70-80 хувь нь ноолуур байсан бөгөөд одоо ноолуур нь байдаггүй, үйлдвэр ажилладаггүй, зогсонги байдалтай байдаг аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |