Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дах өдрөө үргэлжилнэ.
Өнгөрсөн өдөр явагдсан сонсголын үеэр дуудагдсан Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд ихэнх зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй байна. Тэд их хэмжээгээр өөрийн болон хамааралт бүхий этгээдүүдийнхээ данс руу шилжүүлсэн, бэлнээр нь авсан, их хэмжээний өр төлбөрөө хэрхэн төлөх нь тодорхойгүй, зээлийг эргэн төлөлт ТЭГ гээд олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн олон баримт дэлгэгдэж байна. Хамгийн сонирхолтой хувийн ААН-үүд ямар нэг байдлаар зээлийн үүргээ биелүүлж яваа бол төрийн өмчит ААН-үүд "үл тоогч"-ийн байр сууринаас хандсаар...
Тэгвэл өнгөрсөн хоёр өдөр болсон сонсголд оролцсон ААН-үүдээс УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн "Ачлал трейд" компани л зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэдгийг онцлон тодотгох хэрэгтэй.
Тухайн компанийн хувьд 300 ортой эмнэлгийн цогцолбор байгуулахаар 15 сая ам .долларын зээлийг 10,03 хувийн хүүтэйгээр 2017 оны аравдугаар сард ТАВАН жилийн хугацаатай авсан байдаг. 2022 оны эцсийн байдлаар М.Билэгт энэхүү зээлийн үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд эргэн төлөлт ТЭГ хувь, зээлийн 6,7 тэрбум төгрөг төлсөн байгааг шинжээч онцолж байна. Өнөөдрийн байдлаар 68,1 тэрбум төгрөгийг зээлийн үлдэгдэл чанаргүй ангилалд хамрагдаад байгаа аж.
Сонсголд гэрчээр оролцсон УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Миний хувьд Монголчуудынхаа элэг бүтэн амьдралын төлөө 300 өртэй эмнэлэг байгуулах төслийг 2010 онд санаачлаад 10 гаруй жил ажил хэрэг болгох гээд явж байна. 2014 онд энэ төслийн нэгдүгээр корпус босчихсон байсан. Засгийн газрын дэмжлэгийг авахаар 2015 оноос эхэлж хандсан. Энэ хугацаанд судлагдаж явснаар 2017 онд зээл авсан. Хэрэв би хурдан ашиг олохоо бодсон бол өмнө нь хийж чаддаг байсан орон сууц, үйлчилгээний барилгууд барих байсан. Гэхдээ би эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор энэ төсөлд хандсан. Одоогоор энэ эмнэлэг 300 гаруй хүнийг ажлын байраар хангаад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэйгээр эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна" гэлээ.
П.ГОО