Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол "Болор шүр" ХХК Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслөөр 2,3 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлаар үргэлжилж байна. Шинжээчийн дүгнэлтэд тус компани нь өнөөдөр 1.22 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй учир чанаргүй зээлийн ангилалд багтжээ.
Сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Болор шүр ХХК-ийн захирал Д.Содхүү таниас бэлнээр 2,3 тэрбум бэлнээр гарсан. 24 удаагийн гүйлгээгээр гарсан мөнгө юунд зарцуулагдсан бэ? Яагаад зээлээ төлөхгүй байгаа вэ" гэх асуултад тодруулга авахыг хүслээ.
Үүнд Д.Содхүүгийн өмгөөлөгчийн зүгээс "2017.07.28-нд Зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ үед Болор Шүр ХХК-ийн захирал Л.Чулуунбаатар гэдэг хүн байсан. Д.Содхүүгийн хувьд зээлийн гэрээ байгуулсны маргааш өдөр хэлцэл хийж, хувьцааг нь шилжүүлж авсан. Энэ зээлийг Л.Чулуунбаатар гэдэг хүн Болох шүр компанийн захирал байхдаа зээлийн материалыг нь судлуулж, авсан. Өнөөдөр Хөгжлийн банкны хэрэгт Д.Содхүүг яллагдагчаар татсан байгаа. Яллагдагчаар татагдсны маргааш Л. Чулуунбаатар гэдэг хүн маргааш өдөр нь Монгол Улсын хилээр гараад явчихсан байдаг. Тэгэхээр Л.Чулуунбаатар гэдэг хүнийг дуудаж мэдүүлэг аваагүй нөхцөлд энэ зээл яаж олгогдсон асуудлыг ярих боломжгүй. Эхний 991 сая төгрөгийг Л.Чулуунбаатар гэдэг хүн аваад явсан. Үлдсэн 1,3 тэрбум төгрөг уурхайн ажилд зарцуулагдсан" гэсэн тайлбарыг өглөө.
П.ГОО
Уншиж байна |