Олон улсын олимпын хороо 2026-2032 оны хооронд Олимпын наадмыг дамжуулах Европын орнуудын тоонд Орос, Беларусь улсыг багтаасангүй. Энэ талаар ОУОХ-ны хэвлэлийн алба мэдэгджээ.
Европын нутаг дэвсгэр дээр болох Олимпын наадмыг үзүүлэх эрхийг Европын дамжуулах холбоо болон Warner Bros. Discovery компанид шилжүүлсэн аж. Энэ дамжуулагчид 2026 онд Миланд болох олимп, 2030 оны Өвлийн наадам, 2028, 2032 онуудад Лос-Анжелес, Брисбенд болох зуны олимпын наадмыг үзэгчдэд дамжуулан үзүүлэх гэнэ. 2026-2032 оны хооронд явагдах олимпын наадмыг Европын 49 орны нутаг дэвсгэрт дамжуулан үзүүлэх юм байна.
Орост олимпын наадмыг дамжуулах эрхийг Телеспорт компани эзэмшиж байсан бөгөөд 2024 оны Парисын олимпыг дамжуулан үзүүлэх эрх авчээ. Түүнчлэн өнгөрсөн онд энэ компанийн захирал ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа 2026 оны олимпыг дамжуулах эрхээ авсан хэмээн ярьж байв. Харин ОУОХ-ны мэдэгдэлд Орос болон Беларусийг олимп дамжуулах орнуудын тооноос хасчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |