Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Хөгжлийн банкнаас "Эрд хул" ХХК-д олгосон зээлийн асуудлаар үргэлжилж байна.
"Алт 2" төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутаг Цогцгоны мухар, Их хэтийн ам дахь алт олборололтын төсөлд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны наймдугаар сарын 24-ны өдөр олгосон байна. Шүүхийн шийдвэрээр зээл төлөгдөж хаагдсан.
"Эрд хул" ХХК нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 700 сая төгрөгийн олголтоос компанийн үйл ажиллагааны зардалд 270 сая төгрөг, бусад тоног төхөөрөмжийн үнэ гэж шилжүүлсэн шилжүүлгээс өөрийн данс руу буцаан 289 сая төгрөгийг авсан нь хамаарал бүхий этгээд хоорондын гүйлгээ гэж үзэхээр байгаа тул зарцуулалтын зориулалт бүрэн бус гэж үзэхээр байгаа талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.
Тус компанийн зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Алт" хөтөлбөрийн хүрээнд 11 төслийг Засгийн газар, тухайн үеийн уул уурхайн сайд өгсөн. Гэтэл бүгд чанарын шаардлага хангаагүй. Гэтэл тухайн үеийн уул уурхайн сайд нь "зайлшгүй хий" гэж шахсан. Ийм учраас бид нөхцлөө сулруулсан. Нөхцлөө сулруулсан болохоор зээл үр дүнгүй гэсэн мэдээллийг Зээлийн газрын захирал хэлж байна. ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал ирсэн бол Засгийн газрын шахалтаар өгсөн зээлүүд чанаргүй зээлийн ангилалд орсонтой холбоотой асуудалд хариулт авмаар байна. Хүүгийн ялгаатай нөхцлүүд байгаа асуудлыг тодруулмаар байна. Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар та ЖДҮ сангаас та зээл авч байсан юм билээ. Тэгсэн өнөөдөр дахиад Хөгжлийн банкны зээлэн дээр гэрчээр дуудагдаад ороод ирсэн байна. Та яаж ингэж их зээл авдаг юм бэ?
Гэрчээр дуудагдсан Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар: Манай эхнэр хууль журмын дагуу ЖДҮ сангаас зээл авсан. Би тухайн үед албан тушаалаасаа түдгэлзүүлж шалгуулсан. Гэм буруу нь батлагдаагүй. Эхнэр ЖДҮ авсан зээлээрээ ажлаа хийгээд явж байгаа. Төрсөн дүү маань Хөгжлийн банкнаас 17 хувьтай , зургаан сарын хугацаатай зээл авсан байна. Би үүнд оролцоогүй. Нуралт үүссэн, ковид гараад зээл төлж чадахгүй байсан гэх асуудал байсан. Монголд гэм буруутай хүмүүс нь гэм буруугүй хүмүүсийг "хулгайч" нэртэй саванд хийгээд өөрсдөө ард нь нуугддаг технологи байна.
П.ГОО
Уншиж байна |