Сөрөг сэтгэл хөдлөл хавдар өвчин үүсэх эрсдэлийн нэг хүчин зүйл болдог гэдгийг хулгана дээр хийсэн туршилтаар Оросын эрдэмтэд баталжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эс судлал, генетикийн хүрээлэнгийн эрдэмтэд ийм дүгнэлтийг хийсэн байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, урт хугацаанд стресс, сэтгэл хямралтай явах нь хүн хавдар өвчинтэй болох нэг шалтгаан болж болзошгүй гэнэ. Лабораторийн хулгана дээр хийсэн туршилтаар стресс, сэтгэл хямрал хавдар өвчин үүсэх шалтгаан болж байсан аж. Түүнчлэн архаг стресс дархлааг алдагдуулж, хорт хавдар үүсэх явцыг хурдасгаж байгаа нь тогтоогджээ. Дархлааны системийг шууд идэвхжүүлэхээс илүүтэйгээр сэтгэлзүйгээ хэвийн болгох нь өвчин үүсэхээс сэргийлэх үр дүнтэй арга болж байгааг эрдэмтэд онцолсон байна.
Хүн дээр ийм туршилт хийх нь хориотой тул хүнд хэрхэн нөлөөлөхийг шууд батлах боломжгүй. Тиймээс эрдэмтэд хавдар өвчинтэй хүмүүсийн эмчилгээний түүхийг судалсан байна. Судалгаанаас харахад хавдар өвчинтэй хүмүүсийн дийлэнх олонх нь стресс эсвэл сэтгэл хямралд өртөж байсан гэдэг нь тогтоогджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |