Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Киевт айлчилж байна

Америкийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид Киев дэх айлчлалаа эхлүүлжээ. УНИАН агентлагийн мэдээлснээр, тэд Украины Ерөнхий сайд Денис Шмыгальтай уулзсан бөгөөд Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман, Батлан хамгаалахын сайдын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Колин Кол, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахын орлогч Жонатан Файнер нар багтаж байгаа аж. Тэдний айлчлалын зорилго нь "АНУ Украинд эргэлт буцалтгүй туслана гэдгээ нотлох" явдал бөгөөд төлөөлөгчид Киевт очихоосоо өмнө Америкийн цэргийн тусламжтай танилцахаар Герман, Польшид мөн ажиллажээ.
Энд дуулгахад, АНУ Украинд 3,1 тэрбум ам.долларын өртөг бүхий ээлжит цэргийн тусламжийн багц олгохоор болсон талаараа нэгдүгээр сарын зургааны өдөр зарлаж байсан. Энэ тусламжийн хүрээнд байлдааны явган цэргийн Bradley машин 50-ийг илгээх аж. Байлдааны явган цэргийн машин нийлүүлэх болсон нь байлдааны явцыг өөрчлөх хүсэлтэй байгаатай холбоотой гэж АНУ тайлбарлаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ