Беларусь, Оросын хамтарсан агаарын цэргийн сургуулилалт нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Беларусийн Батлан хамгаалахын яам мэдэгджээ.
"Нислэг тактикийн сургуулилалтын үеэр Беларусийн Агаарын цэргийн хүчин болон Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний бүхий л нисэх буудал, полигоныг ашиглана" гэж Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Евроньюс мэдээлжээ.
Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Оросын Агаар сансрын хүчний экипажууд нэгдүгээр сарын наймны өдөр Беларусьт ирсэн байна. Орос, Беларусь хамтарсан сургуулилалт хийхээр болсноо зарласны дараа Пентагон мэдэгдэл хийхдээ Беларусь тусгай ажиллагаанд татагдан оролцох шинж тэмдгийг олж харахгүй байна хэмээн онцолсон юм.
"Беларусь энэ сөргөлдөөнд татагдан оролцох эрмэлзэлтэй байгааг илтгэх ямар ч шинж тэмдгийг бид олж харахгүй байна. Энэ бол Орос, Беларусийн ээлжит бэлтгэл. Ингээд л боллоо" хэмээн АНУ-ын Агаарын цэргийн хүчний бригадын генерал, Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүнчлэн Беларусь, Оросын тал ч энэ сургуулилалт нь гагцхүү батлан хамгаалах зорилготой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |