Хятадад анх удаа уралдааны морь клоны аргаар гарган авчээ

Хятадын эрдэмтэд анх удаа клоны аргаар уралдааны морь гарган авсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, клоны аргаар төрсөн Жуанжуан унаганы зүс түүний "эцэг" болох Германы уралдааны морь Урсусынхтай ижил гэнэ. SinoGene компанийн мэдээлснээр, унагыг клоны аргаар гарган авах ажил 2021 онд эхэлжээ.Ингээд Жуанжуан унага 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр Ганьшу мужийн Жанье хотод мэндэлсэн байна.
Хятадад адууг ихэвчлэн хөдөө аж ахуйн ажилд зориулан ашигладаг, харин уралдаанч үүлдрийн морьдыг бусад орнуудаас импортлодог аж.
Байгалийн жамаар мэндэлсэн унага эцэг, эх малынхаа бүх шинжийг авч төрөх нь ховор, харин клоны аргаар мэндэлсэн унага "эцэг" малынхаа бүх шинжийг өвч хуулан төрсөн байдаг гэж эрдэмтэд онцолжээ.
Эрдэмтдийн өгүүлснээр, 2028 оны зуны олимпод Жуанжуан оролцож болох бөгөөд учир нь тэмцээнд клоны аргаар гарган авсан амьтдыг оролцохыг Олон улсын морин спортын холбоо 2012 оноос эхлэн зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ