Орост шархадсан цэргийн алба хаагчдийг цэргийн эмнэлгийн комиссын шийдвэргүйгээр байлдааны талбар руу буцааж байгаа талаар "Агентство" хэвлэл мэдээлжээ. Энэ нь хууль зөрчсөн хэрэг гэж хуульчид, хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.
Цэргүүдийн ээжүүдийн хороодын зөвлөлийн нарийн бичгийн дарга Валентина Мельниковагийн мэдэгдсэнээр, шархадсан цэргүүдийг гүйцэт эмчлэлгүй фронт руу буцаасан тохиолдол маш олон гэнэ. 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн өдүүлснээс хойш Орост цэргийн албанд тэнцэх эсэхийг шалгадаг систем нуран унасан, үүний оронд цэргийн эмч нарын комиссын шийдвэргүйгээр шархадсан цэргүүдийг эргүүлэн фронт руу явуулдаг уламжлал тогтсон гэж Мельникова мэдэгдсэн байна.
Шархадсан цэргүүдэд эмнэлгийн комиссын магадлагаа хийлгүйгээр фронт руу дахин илгээж байгаа нь эрх баригчид цэргийн алба хаагчдад нөхөн төлбөр өгөхөөс зайлсхийх гэсэн арга хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж. Оросын хуулиар, шархадсан цэргийн алба хаагчид нэг удаагий, сар бүрийн, даатгалын гээд хэд хэдэн нөхөн төлбөр авах эрхтэй байдаг аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний гуравдугаар сард гаргасан тушаалаар "тусгай ажиллагааны үеэр" шархадсан цэргүүд нэг удаад гурван сая рублийн тэтгэмж авах эрхтэй юм байна.
Г.бямбасүрэн
Уншиж байна |