ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу цөмрөн орсноос хойш өнөөг хүртэл дайн үргэлжилж байна. Энэ хугацаанд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан Оросын тал хэсэгчилсэн дайчилгаа явуулж бие бүрэлдэхүүнээ нөхсний дээр хувийн цэргийн компани болох "Вагнера" -ын хөлсний цэргүүдийн хүчинд ихээхэн түшиглэж байгаа юм. Фронт дээр цэргүүд амиа алдахын хэрээр Вагнера компани Оросын хорих газруудаас хоригдлуудыг цэрэгт элсүүлэн, тэдэнд эрх чөлөө амлаж байлаа. Өргөст торны цаана сууснаас дайтахыг чухалчилсан хоригдлууд Вагнера компанид элсэн фронт руу олноор явж, тэндээ амиа алдсаар байгаа талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
Хөлсний цэргүүд олноороо амиа алдаж байгаа тул цогцос тээвэрлэх хүндхэн асуудалтай нүүр тулгарсан талаар "Осторожно, новости" хэвлэл бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Вагнера" хувийн цэргийн компани амиа алдсан хөлсний дайчдын цогцосыг тээвэрлүүлэхийн тулд энгийн тээвэрчдийн тусламж авч байгаа гэнэ. Цогцос тээвэрлэх захиалгыг Ростовын "Дисавтотранс" компани хариуцаж, зуучлагчаар ажиллаж байгаа аж.
Сэтгүүлчид энэ компанийнхнаас мэдээллийг тодруулахад "харамсалтай нь, өдөр бүр захиалга ирж байгаа" хэмээн хариулжээ.
"Осторожно, новости" хэвлэлийн нийтлэлд Москва муж хүргэх захиалгын талаар тодорхой бичсэн байна. Энэ мэдээлэлд өгүүлснээр, зургаан тонн жинтэй, 82 кубметр эзлэхүүнтэй, "металлаар бүрхэгдсэн хайрцагт савласан ачаа -200"-г тээвэрлэхэд захиалагч 60 мянган рубль буюу монгол мөнгөөр гурван сая орчим төгрөгтэй тэнцэх мөнгийг бэлнээр төлөх саналтай байгаа гэнэ.
Цогцос зөөх автомашинд хэд хэдэн шаардлага тавьж байгаа бөгөөд үүний нэг нь машин хөргүүрийн камертай байх ёстой аж.
Ачааг хэн нэгэн дагалдаж явахгүй, харин цогцос хадгалах газраас шаардлагатай бүхий л бичиг баримтыг авч тээвэрчдэд өгөх гэнэ.Ийм захиалга байнга ирдэг, цогцос тээвэрлэх тээвэрчид ч амархан олддог гэж эх сурвалж онцолжээ.
Энд дуулгахад, Оросын цэргүүдийн цогцосыг тээвэрлэх цэргийн байгууллагын ачаалал хэтэрсэн тул "ачаа-200"-г зөөлгөхөөр хувийн компаниудыг ашиглаж байгаа гэх мэдээлэл өмнө нь ч гарч байлаа.
Тодруулбал, Орос, Украины дайнд амиа алдсан цэргүүдийн цогцосыг зөөх тээвэрлэлтийн систем нь ачааллаа дийлэхгүй, “Ачаа 200”-г Сибирь рүү зөөх онгоцууд олноор эвдэрч байгаа гэж Украины 24tv өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлж байв.
Энэ телевизийн мэдээлснээр, дайны талбарт амиа алдсан цэргүүдийнхээ цогцосыг зөөхийн тулд Оросын эрх баригчид хувийн агаарын тээврийн компаниудыг шахалтад оруулж байжээ. ОХУ Украинд асар их хохирол амссан тул хувийн компаниудыг “Ачаа-200”-г зөөхийн тулд албадаж байгаагийн дээр ямар ч төлбөр төлөөс өгөхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байв. Ачаа 200 гэдэг нь цэргийн алба хаагчийн цогцосыг оршуулах газарт хүргэх тээвэрлэлтийн үеийн код нэршил юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |