УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг тэрбээр танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Анх удаагаа байгуулагдсан Хяналт шалгалтын түр хороо гэж бий. Энэ түр хорооны даргыг ойр ойрхон солих юм. Сайн ажиллаад дэвшүүлээд байна уу? Түр хороог ажиллуулахгүй бодлого уу? Түр хорооны даргыг сольмооргүй байх юм. Б.Энхбаяр гишүүний Түр хорооны даргын хугацаа дөрөвдүгээр сард дуусна" гэлээ.
Үүнд Б.Энхбаяр "Хөгжлийн банкыг шалгах УИХ-ын түр хороог өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулсан. 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж, Ард түмний дээд хяналтыгн сайжруулах хэрэгтэй. УИХ ганцхан хууль батлахаас гадна батласан хуулийн хэрэгжилтийг сайжруулах ёстой. Энэ хүрээнд өнгөрсөн онд УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг өргөн барьж, батласан. Энэ хуулийн дагуу байгуулагдсан анхны түр хороо. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн Ерөнхий сонсгол хийгдсэн. Ирэх долоо хоног Хөгжлийн банкны мөрдөн шалгах гэж хэлж болохоор нотлох баримтыг шинжлэх судлах Сонсгол зохион байгуулагдана. Хамгийн багадаа нэг сарын хугацаанд энэ сонсгол зохион байгуулагдана. Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд пүү паа болох нь ойлгомжтой. Бид хулгайг ил болгох, үүнтэй эвлэрэхгүй байх. Үүн дээр манлайлж ажиллах хамтын үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Түр хороог Ж.Сүхбаатар дарга ахалж, нилээн ажил хийсэн. Миний хувьд Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаад 1 дэх өдрөөс эхний үр дүнгүүд ил болно. Хяналт шалгалтын даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хүүвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг бий. Айхгүй байхгүй, энэ ажлаа хийж дуусгана. Түр хороо учраас дөрөвдүгээр сард татан буугдана. Байнгын хорооны дарга болсноор түр хорооны даргаас чөлөөлөгдөнө гэсэн учир шалтгааныг олж харахгүй байгаа. Чөлөөлөгдвөл байнгын хорооны дарга болох албагүй гэж бодож байна" гэлээ.
Үүний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85,5 хувь Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
П.ГОО