Украин дахь Оросын цэргүүдийн командлагч солигджээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн шийдвэрээр Оросын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов Украин дахь байлдааны ажиллагааг командлахаар болсон байна.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Герасимовын орлогчоор Ерөнхий штабын орлогч дарга, хурандаа генерал Алексей Ким, Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков, Агаар сансрын хүчний ерөнхий командлагч Сергей Суровикин нар томилогджээ.
Ийнхүү боловсон хүчний өөрчлөлт хийх болсон нь "тусгай ажиллагааны удирдлагын түвшнийг дээшлүүлэх" зорилготой бөгөөд "биелүүлэх даалгавруудын цар хэмжээ өргөжсөн", цэргүүдийн өөр хоорондын нягт хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай болсны дээр Украин дахь Оросын цэргийн удирдлагын үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой байсан гэж Оросын Батлан хамгаалах яам тайлбарлажээ.
Энэ удаагийн өөрчлөлтөөр Герасимовын орлогчдын нэг болсон Сергей Суровикин өмнө нь Украин дахь Оросын цэргүүдийг командалж байв. Түүнийг энэ албан тушаалд Крымийн гүүрийг дэлбэлдэг өдөр буюу 10 дугаар сарын наймны өдөр томилж байлаа.
Суровикин дэд бүтэц тэр дундаа иргэний дэд бүтэц дээр асар ихээр пуужингийн цохилт өгөхийг дэмждэг хүн гэж эх сурвалжууд онцолж байв. Үнэхээр ч Суровикин томилогдож очсоны дараа Оросын цэргүүд Украины эрчим хүчний объектууд руу тасралтгүй цохилт өгөх болсон юм.
Мөн 11 дүгээр сарын эхээр Суровикиний санал болгосноор Оросын цэргүүд дайн эхлэхээс өмнө эзлэсэн Херсонг орхисон. Хүндхэн шийдвэр байсан ч энэ нь орос цэргүүдийн амь насыг хамгаалах зорилготой хэмээн тэрбээр мэдэгдэж байлаа.
Украин дахь байлдааны ажиллагааны командлагчаар томилогдсон Герасимовыг "маш ухаантай хүн" гэж үздэг байсан талаараа Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный мэдэгдэж байлаа.
Тэрбээр зургадугаар сард Таим сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Герасимовын бүх бүтээлийг уншсан" хэмээн өгүүлж байв.
"Би Оросын цэргийн номлолоор өссөн хүн, одоо ч цэргийн бүх шинжлэх ухаан Орост байдаг гэж боддог" хэмээн Залужный өгүүлж байв.
Герасимов Валерий Васильевич 1955 онд Казаньд төрж, 1977 онд Казанийн танкийн командлалын дээд сургууль, 1987 онд Р.Я.Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн цэргийн академи, 1997 онд Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэргийн академийг төгсжээ.
1987 он хүртэл Польш, Алс Дорнодын цэргийн тойрогт рот, батальон удирдаж байгаад үүний дараа штабын дарга болсон байна. 1997–2010 онуудад Москвагийн цэргийн тойргийн армийн нэгдүгээр орлогч командлагч зэрэг албан тушаал хашиж байгаад 2010 оноос ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогч дарга, 2012 оноос Төв цэргийн тойргийн командлагч, 2012 оны 11 дүгээр сард ОХУ-ын Ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар томилогджээ.
2014 оны дөрөвдүгээр сард Украинд сөргөлдөөн гарсны дараа Европын холбооны хоригт багтсан. 2016 онд Владимир Путиний нууц тушаалаар Валерий Герасимовд Оросын баатар цол олгож байв. Түүнийг Сири дэх ажиллагааг зохион байгуулсных нь төлөө ийм шагнал хүртээсэн гэж эх сурвалжууд мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |