Японд коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 12 дугаар сараас эхлэн огцом нэмэгджээ. Энэ хугацаанд ковидын улмаас 10 мянга гаруй хүн нас барсан гэж ТАСС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахлын хугацаанд Японд коронавирусийн улмаас 60 мянга орчим хүн нас баржээ. Харин ердөө 12 дугаар сарын дунд үеэс одоог хүртэл тус улс даяар ковидоос үүдэлтэй нас баралт 10 мянга орчим бүртгэгдсэн байна.
Японы Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, нас баралт 12 дугаар сард огцом нэмэгдэж 7622 болсон бол 11 дүгээр сард нас баралт 2,5 дахин бага буюу 2985 бүртгэгдэж байжээ. Улмаар нас баралт огцом нэмэгдэх хандлага хадгалагдаж, нэгдүгээр сарын эхний 10 өдөрт ковидоос үүдэлтэй 3145 нас баралт бүртгэгдсэн байна. Ингэснээр энэ сард нас баралтын тоо 10 мянгыг давж болзошгүй аж.
Японд ковидын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь 80-аас дээш насныхан байгаа бөгөөд өнгөрсөн сар хагасын хугацаанд бүртгэгдсэн нийт нас баралтын 75 хувь нь 80-аас дээш насныхан байжээ.
Японд цар тахлын хугацаанд 30 сая хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд вакцинд хамрагдсан байдал ч харьцангуй өндөр аж. Японы оршин суугчдын 80 хувь нь вакцины хоёр тунд хамрагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |