Улс орны эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч, иргэдийн амжиргааны түвшин буурсаар байна. Гэтэл Монгол Улсад төрийн алба хашиж байгаа эрхмүүд өдрөөс өдөрт хөрөнгөжиж буй үйл явцууд үргэлжилсээр...
Зөвхөн орлогч даргын гэрээс 7,3 тэрбум төгрөгтэй тэнцэх валют, 4 тэрбум төгрөгтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хураан авав. Харамсалтай, жигшүүрт үйл явцыг нийгэм даяараа жигшиж байна. Жирийн иргэдийн хөлс хөдөлмөрийг мөлжин, тоног дээрэмдэж, бусдын боломжийг хулгайлсан төрд нүүрэлсэн ханаж цаддаггүй хулгайч нарын зөвхөн нэг С.Батдөл. Харин одоо С.Батдөлийн хамаарал бүхий этгээдүүд нь хэзээ ил болох вэ?
Нийгэм чих тавин хүлээж байна. Өчигдөр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "Манай төмөр замын хамгийн том эрх мэдэлтэн буюу бидний нэрлэж заншсанаар НЗД буюу хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан. Энэ хүний доод талд ажилладаг дарга нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт гэж хүн бий. Энэ хүн бол С.Батдөлийн дарга нь. Энэ хоёр хүн надад "ачаа тээвэр хариуцдаг тээвэр зуучийн компаниуд очероо зараад байна" гэж хэлж байсан. Дарга нар нь воган зарж байгааг мэдэж байсан" хэмээв.
Нэг үгээр УБТЗ-ын дарга удирдлагууд дээрх хууль бус үйл явдлыг мэдэж байсан ч тас нуусан. Тэдэнд ашигтай байв уу? Ингэж нуугаад хэд хичнээн боодол валютыг гэртээ авч очив? Магадгүй тэд хамтарагч байж болох. Хардлага төрөх мянга мянган шалтгаан байна. Өнгөрсөн оны сүүлд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд чуулганы индэр дээрээс "Энэ хүмүүс гэртээ мөнгөө багтааж чадахгүй алтан гулдмай болгож хадгалж байна" гэсэн. Төрийн өндөр албан тушаалтны амнаас унасан энэ үг өгүүлбэрийн учрыг хуулийнхан мэдэж байгааг тэр тодотгож байв. Тэгвэл тэр алтан гулдмайг гэртээ хадгалсан эрхмүүдийн нэрс хэзээ ил болох вэ?
АТГ, ЦЕГ-ынхан жараахайнуудаа барьчихлаа. Тэд тэрбум тэрбум валютыг гэртээ өрчихөж.... Одоо тулуудаа алтан гулдмайн эздэд хуулийн хариуцлага тооцох ажлыг эхлүүлмээр байна.
П.ГОО
Уншиж байна |