Өнгөрсөн оны сүүлээр хөл хорионоос залхсан иргэд эсэргүүцэл дэгдээж, эрх баригчид нь тэг ковид бодлогоосоо татгалзахаас аргагүй болсон Хятадад хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш ковидын тохиолдол огцом нэмэгдсээр байна.
Хятадад хүн амын тоогоороо гуравдугаарт бичигддэг Хэнань мужид нийт хүн амынх нь 90 орчим хувь нь коронавирусийн халдвар авчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, мужийн эрх баригчид хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Хэнань дахь халдвар авсан хүний тоо 88,5 сая орчим, үүний дийлэнх олонх нь сүүлийн үед халдвар авсан хүмүүс гэдгийг онцолсон байна. Гэхдээ 12 дугаар сарын 19-нд тохиосон өвчлөлийн оргил үеийг давсан, мужийн эмнэлгүүд дэх ачаалал аажмаар буурч байгаа гэнэ.
Хэнань мужийн албан тушаалтнуудын мэдээлсэн тоон мэдээлэл нь төв засаглалын мэдээлсэн статистикаас эрс ялгаатай байгаа юм. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, тэг ковид бодлогыг цуцалсны дараа 1,4 тэрбум хүн амтай энэ улсад ердөө 120 мянган хүн халдвар авч, 30 хүн нас барсан гэнэ.
Мөн ковидоос үүдэлтэй нас баралт гэсэн ойлголтыг Хятадын эрх баригчид ихээхэн явцуу хүрээнд тайлбарладаг болсон тул халдвар аваад нас барсан хүн бүрийг коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр нас барсан гэсэн тоон мэдээлэлд багтаахгүй болсон байна. Түүнчлэн ковидын шинжилгээг олон нийтээс зайлшгүй авдаг байсныг зогсоосны дээр төрөөс өгч байгаа мэдээлэл нь энэ улсын халдварын нөхцөл байдлын үнэн бодит зураглалыг харуулах боломжгүй болжээ.
Түүнчлэн, төв засаглалын байгууллагын албан ёсны мэдээлэлтэй зөрчилдөх орон нутгийн төлөөлөгчдийн мэдээллийг тэр дор нь устгаж байгаа аж. Тухайлбал, Хятадын томоохон боомт хотуудын нэг болох Циндаогийн эрх баригчид халдвар авсан хүний тоо өдөрт л хагас саяар нэмэгдэж байна гэж 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн ч энэ мэдээлэл тэр дороо устжээ.
Британийн Airfinity судалгааны компанийн тооцоолсноор, нэгдүгээр сард Хятадад коронавирусийн халдвар авах хүний тоо өдөрт гурван саяыг давж магадгүй гэнэ. Хятад улс дахин хязгаарлалт тавьж, олон нийтийг гурав болон дөрөвдүгээр тунгаар дархлаажуулахгүй бол гуравдугаар сарын сүүл гэхэд ковидын улмаас нас барах хүний тоо өдөрт 9000-д хүрнэ гэж Сиатл дахь Вашингтоны их сургуулийн тархвар судлаач Али Мокдад үзэж байгаа аж.
Түүнчлэн шинжээчдийн баталж байгаагаар, өнөөдөр Хятадад цар тахлын аль ч үед байгаагүй хурдтайгаар вирус тархаж байгаа гэнэ. Хятадын оршин суугчдын 60 хувь буюу дэлхийн хүн амын 10 хувь нь ойрын саруудад коронавирусийн халдвар авч болзошгүй аж.
Энэ сарын сүүлээр Хятадад Сарны хуанлиар шинэ он угтах буюу "хятад цагаан сар"-ын баяр хийх бөгөөд энэ үеэр дотооддоо зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, олон сая хүн орон даяар зорчдог тул нөхцөл байдал хүндэрнэ гэж шинжээчид үзэж байна. Баярын үеэр хоёр тэрбум гаруй зорчих хөдөлгөөн үйлдэгдэнэ гэж тооцоолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |