Хятадад жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор шинэ татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Шинэ журмаар сар бүрийн борлуулалтын орлого нь 100 мянган юань буюу монгол мөнгөөр 38,5 саяа бага аж ахуйн нэгжүүд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмүү өртгийн татвараас чөлөөлөгдөх аж. Жижиг үйлдвэрлэлүүд нь ажлын байр бий болгоход хамгийн том хүч байдаг, чухамхүү энэ бизнес эрхлэгчид цар тахлаас улбаатай эдийн засгийн таагүй нөлөөнд илүүтэй автсан гэж Хятадын Сангийн яам мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид жижиг бизнесээ дэмжих бодлогоо өргөжүүлж, татварын хөнгөлөлтийн тоог нэмэгдүүлсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-гны өдрийн байдлаар Сангийн яам нийт 600 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татвар хураамжийг багасгаж, хойшлуулжээ.
Г.Бямбасүрэн