Өнгөрсөн оны зун Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн Тэцуя Ямагамид долдугаар сараас хойш албадан сэтгэлзүйн шинжилгээ хийсэн. Улмаар энэ шалгалтын дүнгээр түүнийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ.
ТBS телевизийн мэдээлснээр, сэтгэцийн шинжилгээгээр хэрэг хүлээх чадвартай нь тогтоогдсон тул Тэцуя Ямагамиг хаалттай эмнэлгээс Нара хотын хорих газар руу илгээсэн байна. Улмаар энэ сарын 13-ны өдөр түүнийг хүний амь хөнөөсөн, зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутган ял тулгахаар зэхэж байгаа аж.
Өмнө нь тэнгисийн цэрэгт алба хааж байсан Тэцуя Ямагами 2022 оны долдугаар сарын наймны өдөр Нара хотын нэгэн гудамжинд сонгуулийн өмнөх цуглааны үеэр үг хэлж байсан Абэгийн нуруун тус газарт нь буудаж амийг нь хөнөөсөн юм. Түүнийг Абэгийн хамгаалагчид хэргийн газар баривчилсан.
Мөрдөн байцаалтын явцад тэрбээр мэдүүлэг өгөхдөө, "Нэгдлийн сүм" нэртэй шашны байгууллагатай Абэ холбоотой гэдэгт итгэж байсны улмаас түүнийг хөнөөсөн хэмээжээ. Сэжигтний ээж энэ байгууллагад хэт их итгэдэг, бүхий л өв хөрөнгөө шашны байгууллагад хандивласнаар гэр бүл нь үгүйрсэн аж.
Энэ хэрэгтэй холбоотойгоор шалгалт хийхэд Японы эрх баригчид дундаас олон хүн энэ шашны байгууллагатай холбоотой байсан нь тогтоогджээ. Одоо энэ шашны байгууллагыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Г.Бямбасүрэн