Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дахь дарамт, ажил, албан тушаалын хариуцлагагүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "Өчигдөр авлигын асуудал биш татвараас зайлсхийсэн мэтээр ойлгуулах ШҮҮХ ХУРАЛ боллоо. Үүнийг яагаад авлигын асуудал мөн бэ гэдгийг тодорхой болгох үүднээс хэдэн кэйс яръя. Манай төмөр зам дээр энэ асуудлыг зохицуулдаг хамгийн том эрх мэдэлтэн буюу бидний нэрлэж заншсанаар НЗД буюу хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан. Энэ хүний доод талд ажилладаг дарга нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт гэж хүн бий. Энэ хүн бол С.Батдөлийн дарга нь. Энэ хоёр хүн надад "ачаа тээвэр хариуцдаг тээвэр зуучийн компаниуд очероо зараад байна" гэж хэлж байсан. Дарга нар нь воган зарж байгааг мэдээд байгаа юм. Гэтэл үүнийг зохицуулдаг ажилтан нь энэ асуудлаар шалгагдаад ирэнгүүтээ ТАТВАРААС зутгаасан болж хувирах гээд байна. Тэгэхээр шүүх хяналтын байгууллага энэ асуудал руу татагдаад орсныг нотлоод байгаа юм биш байгаа. Тийм учраас дээд шатны дарга нарыг шалгах шаардлагатай" гэлээ.
Мөн энэ үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг “БНХАУ-тай солилцох галт тэрэгний тоо болон хагас вагоны хангалт нь экспортын эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалан далд эдийн засгийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ асуудал нь хувь хүнд асуудал байна уу, тогтолцоонд асуудал байна уу, далд эдийн засаг дах авилгийн мөнгийг нь хэрхэн төмөр замын орлого болгож тэрхүү орлогоор төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчлэх, нийгмийн асуудал, технологийн шинэчлэлийг хийх вэ гэдэг өнөөдөр хамгийн чухал асуудал. Тээврийн хөлсөнд өгч буй мөнгөний хэмжээнээс илүү авлигад өгч буй мөнгөний хэмжээ нь хэд дахин их байгаа нь тээврийн тариф хэт бага байгааг нотлон харуулж байна. Иймд Монгол улсын засгийн газраас экспортын тарифын үнийг чөлөөлөх, тээвэрт ашиглагдаж буй хагас вагоны хангалт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох, төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээвэр /Зорчигч тээвэр, дотоодын ачааны тээвэр/-ийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авахыг хүсэж байна” хэмээн хэллээ.
Мөн үеэр МТЗ-чдын ҮЭХ-ны хуулийн зөвлөх Б.Энхтөгс хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “УБТЗ-д 2021 оноос хойш удирдах ажилтнуудын тоо 20 гаруйгаар нэмэгдлээ. Эдгээр удирдах ажилтнуудын цалин хөлс, хангамж, өрөө тасалгааны тохижилтод эдийн засгийн хямрал үнийн өсөлтийн үед зардал нэмэгдүүлсээр байна. Ажлын хүндийг нугалдаг ажилтнуудаас илүү Удирдах газрын орон тоо данхайж байгаагийн улмаас жирийн ажилтнууд салбар нэгжийн ажилтнуудын ажлын ачаалал зохиомлоор нэмэгдэж байна. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд ялангуяа удирдах ажилтнуудын хувьд ил тод нээлттэй шударга зохион байгуулах шаардлагатай байна” хэмээв.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухай Улаанбаатар өртөөний ҮЭ-ийн хорооны дарга А.Болормаа “Сүүлийн үед УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, түүний харьяа тулгуур 10 өртөө, 2 анги, нийт 3000 төмөр замчдын нэр хүнд, урам зоригийг гутаасан үйлдэл болсон. Уг албаны орлогч дарга Б нь энэхүү авлигын гэмт хэргийг ганцаар үйлдээгүй, босоо удирдлагатай төмөр замын хувьд дээд шатны албан тушаалтнууд шууд холбоотой. Иймд эдгээр албан тушаалтнууд уг гэмт хэрэгт буруутай эсэхийг нарийн тогтоож, шалгуулах шаардлагатай байна” хэмээн хэллээ.
П.ГОО