Оросын битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг хураах эрх зүйн орчин бүрдүүлэх бэлтгэл хангаж эхэлсэн Европын холбооны анхны улс нь Эстони болж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. Эстонийн холбогдох яамд энэ сард багтаан зохих ажлыг гүйцэтгэх үүрэг авсан байна.
Энэ сарын эцэс гэхэд Еврокомисс Оросын Төв банкны 300 тэрбум еврогийн хэмжээтэй царцаагдсан хөрөнгө болон хоригт өртсөн оросуудын өмч, хөрөнгийг хэрхэх талаарх шийдвэр гаргахаар зэхэж байгаа аж.
Эстонид энэ царцаагдсан хөрөнгийн 20 сая евро орчим нь байгаа гэнэ.
"Европын холбооны гишүүн орнууд Оросыг дайны гэмт хэргийн төлөө хариуцлагад татах, энэ улсын царцаагдсан хөрөнгийг ашиглах ажлаа үргэлжлүүлэх ёстой" гэж өнгөрсөн оны 12 дугаар сард Эстонийн Ерөнхий сайд Кайя Каллас мэдэгдэж байв.
Германы Засгийн газар ч Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг Украинд тусламж болгон илгээхэд бэлэн байгаа бөгөөд эхний ээлжинд энэ ажиллагааны эрхзүйн орчныг зохицуулах шаардлагатай байгаа аж.
ХБНГУ-д Оросын таван тэрбум евро гаруй хөрөнгийг царцаасан байна. Харин Европын холбоо даяар Оросын хувь хүн болон хуулийн этгээдийн 19 тэрбум еврогийн хөрөнгийг царцаажээ.
Г.Бямбасүрэн