"Вагнера" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожин Украинд хийж буй Оросын дайнд идэвхийлэн оролцож, хувийн компанидаа цэрэг элсүүлэхийн тулд хорих газруудаар явж, тэдэнд эрх чөлөө амлаж байсан гэдгээрээ ихээхэн дуулиан тарьсан. Тэрбээр ийнхүү сөргөлдөөнд идэвхтэй оролцож байгаа нь өдгөө тулаан ширүүн өрнөж буй Бахмут хотын бүс дэх давс болон гипсийн уурхайнуудад хяналт тогтоох эрмэлзэлтэй нь холбоотой гэнэ. Ийм байр суурийг АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч илэрхийлснийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Бахмутад ихээхэн үүрэг оролцоотой байгаа нь мөнгөний сэдэлтэй гэж үзэх үндэслэл Вашингтонд байгаа гэж агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна. Украины Бахмут хотын ойролцоо Европт хамгийн томд тооцогдох давсны орд газар байх бөгөөд Артемовск хэмээх энэ орд газар 179 кв.км талбайг эзлэн оршдог аж.
Пригожиний хувийн цэргийн компани Украин дахь дайныг санхүүжүүлэхийн тулд Африкийн байгалийн нөөцийг ашигласан гэж өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ буруутгаж байлаа.
Оросын эрх баригчид Суданы цэргийн хунттай үгсэн хуйвалдаж, Вагнерын цэргүүдийн хяналт дор энэ улсад олборлосон алтыг нууцаар зөөж байгаа хэмээн CNN суваг мэдээлж байв.
Вагнерчуудын дайн дахь оролцоо ба хохирол
Пригожиний хувийн цэргийн компани сөргөлдөөнтэй олон бүс нутагт цэргийн ажиллагаа гүйцэтгэсээр ирсэн гэгдэх бөгөөд Украин дахь дайнд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм.
Вашингтоны мэдээлснээр, Вагнера компани 50 мянган хөлсний цэргийг дайнд илгээснээс 4100 нь амиа алдаж, 10 мянга нь шархаджээ. Тэднээс 1000 гаруй нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд Бахмутын төлөөх тулаанд амиа алдсан гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мөн Вагнера компани Украин дахь Оросын хүчийг дэмжихийн тулд Хойд Солонгосоос зэвсэг авсан нь энэ сөргөлдөөн дэх хөлсний цэргүүдийн үүрэг оролцоо нэмэгдсэнийг гэрчилж байна гэж АНУ өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байв. Харин Хойд Солонгос Оросын талд зэвэгт нийлүүлсэн гэх мэдээллийг няцаасан юм.
Г.Бямбасүрэн