Дуучин Jessie J: Би гайхамшиг бүтээсэн
Их Британийн дуучин Жессика Эллэн Корниш буюу Jessie J өөрийгөө 2018 онд жирэмсэн болох боломжгүй гэдгийг шүтэн бишрэгчдэдээ дуулгаж байсан удаатай.
Тэрбээр 2018 оны Лондоны Ройал Албертийн танхимд хийсэн тоглолтынхоо үеэр нэгэн дуугаа эхлүүлэхийн өмнө энэ тухай хэлжээ. “Би үүгээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй. Учир нь энэ дэлхий дээр хэдэн сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс үр хүүхэд олохгүйн зовлонг туулж яваа. Энэ дууг би өөрийнхөө зовлон шаналлыг нимгэлэн, зүрх сэтгэлээсээ аз жаргалыг хайхын тулд, басхүү надтай адил сэтгэлийн шарх амссан хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд бичсэн юм” гээд дуулж эхэлсэн байдаг.
Хэдий өөрийгөө жирэмслэх боломжгүй хэмээн зарлаж байсан дуучин бүсгүй өнгөрсөн баасан гарагт инстаграм хуудсаараа дамжуулан сонсогч фенүүддээ жирэмсэн болсноо мэдэгджээ. Дуучин бүсгүй инстаграм хуудсан "Би гайхамшгийг бүтээсэн. Бурхандаа баярлалаа, та нартаа энэхүү зүйлийг хуваалцахдаа маш их баярлаж байна" гэх тайлбартай баярт мэдээгээ хуваалцсан билээ.
Тэрбээр уг мэдээг зарласан даруйд Стейси Соломон, Келли Роуланд, Руби Роуз, Палома Фэйт зэрэг алдартнууд дуучинд баяр хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ