ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагджээ
2023-01-09

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулчдын нэг гэгддэг Ана Монтес АНУ-ын шоронд 20 жил хоригдсоны эцэст суллагдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Өдгөө 65 настай Монтес Америкийн Пентагоны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа Кубын талд тагнуул хийдэг байсан аж. Түүнийг 2001 онд баривчилсан бөгөөд Кубад хийж байсан АНУ-ын бараг бүхий л тагнуулын ажиллагааг энэ эмэгтэй нөгөө талд илчилсэн гэж Америкийн эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. 

 

Түүнийг Америкийн тусгай албад баривчилж байсан тагнуулууд дундаас хамгийн аюултай тагнуулуудын нэг байсан, АНУ-д үлэмж их хэмжээний хор хохирол учруулсан гэж үзэж байлаа. 

Бага Жорж Бушийн үед Сөрөг тагнуулын дарга байсан Мишель Ван Клив 2012 онд Конгресст мэдэгдэл хийхдээ Монтес Кубад явуулж байсан Америкийн тагнуулынхны бүхий л үйл ажиллагааг илчилсэн хэмээн онцолж байв.

 

"Кубчууд бид тэдний талаар мэдэж байсан бүхнийг сайтар мэдэж, энэ мэдээллээ өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаж байсан. Монтесын олж авсан мэдээллээ бусад гүрнүүдэд ч өгөх боломжийг олж авсан" хэмээн Ван Клив мэдэгдэж байв.

 

Монтесыг баривчилсны дараа түүнийг Америкийн дөрвөн тагнуулыг илчилсэн, асар их нууц материал задруулсан хэрэгт буруутгаж, 25 жилийн хорих ял оноосон юм. Шүүгч ялын тогтоолыг уншихдаа Монтес үйлдлээрээ Америк үндэстнийг бүхэлд нь аюул заналд учруулсан хэмээн мэдэгдэж байлаа.

 

Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Ана Монтес хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор биш харин үзэл суртлын үүднээс хөдөлж байсан гэдэг. Рональд Рейганы захиргаа Латин Америкт явуулж байгаа бодлого нь Монтест таалагддаггүй байсан бөгөөд чухамхүү энэ нь Кубын тагнуултай хамтран ажиллахад түлхэц болжээ.

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны Ерөнхий байцаагчийн бичсэн илтгэлд өгүүлснээр, Никарагуад цэргийн гэмт хэрэг болон бусад хэрцгий хэргүүдийг үйлдсэнд сэжиглэгдэж байсан баруунтны босогч бүлэг болох "Контрас" бүлэгт америкчууд тусламж үзүүлсэнд Монтес ихээхэн дургүйцэж байсан аж.

 

Жон Хопкинсийн их сургуульд хамт сурч байсан хүн 1984 онд түүнд хандаж, хожим нь Кубын тагнуулын газрын төлөөлөгчтэй танилцуулж, Ана Монтес Никарагуад туслахын тулд кубачуудын талд ажиллахыг эргэлзээнгүй зөвшөөрчээ.

 

Дараа нь тэрбээр Гавана руу сурахаар явж, үүний дараа Америкийн Батлан хамгаалах яамны Тагнуулын удирдах газарт ажилд орж Кубын Засгийн газрын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд хүртлээ дэвшсэн байна. 

 

Тэрбээр хорь орчим жилийн туршид хэдэн долоо хоног тутамд Вашингтоны зоогийн газруудад Кубын зааварлагч нартайгаа уулзаж, тэдэнд маш нууц мэдээллүүдийг дамжуулдаг байжээ. Богино долгионоор дамжуулсан радио нэвтрүүлгийн тусламжтайгаар түүнд шинэ даалгавруудыг өгдөг байсан гэнэ.

 

Америкийн тагнуулын ажилтнууд төрийн албан хаагчдын нэгэн нь Кубын талд ажиллаж байна гэсэн мэдээлэл авсныхаа дараа 2001 оны есдүгээр сард Монтесыг баривчилжээ.

 

Монтес ийнхүү 20 жилийн дараа суллагдсан ч таван жилийн хугацаанд хяналтад байх аж. Түүнийг засгийн газарт ажиллах болон зөвшөөрөлгүйгээр гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, холбогдохыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин