Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг дэлхийн бараг бүх орон төрөл бүрээр нь зохион байгуулдаг. Үндэсний хэмжээний ялагч болсон бүсгүйчүүд олон улсын тэмцээнд оролцож, гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа өрсөлддөг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин түүхэнд хачирхалтай гэмээр гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохиогдож байсныг хүн бүр мэдэхгүй ч байж мэднэ.
"Цэх нуруут Мисс"
1956 онд Чикагод хамгийн цэх нуруут бүсгүйг шалгаруулжээ. Дээрх зурган дээр энэ тэмцээний гурван ялагч зогсож байна. Тэмцээнд оролцохын тулд бүсгүйчүүд үнэхээр цэх нуруутай гэдгээ харуулах рентген зураг авчрах ёстой байсан гэнэ.
"Мисс атомын бөмбөг"
Энэ бол 1957 оны тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан "Мисс атомын бөмбөг" тэмцээний ялагч Ли Мерлин.
Тавиад оны үеэр хэдэнтээ болсон энэ тэмцээн ард түмний дунд дэлгэрээгүй юм. Энэ тэмцээнийг Лас-Вегасаас 100 км зайд байх цөмийн полигонд орон нутгийн эрх баригчид зохион байгуулж байжээ.
Ийм тэмцээн зохиосноор казино руу ирэх жуулчдыг татна гэж тооцоолж байсан аж. Тэмцээнийг цөмийн зэвсэг туршихад зориулсан шоу, үдэшлэгийн үеэр зохион байгуулдаг байсан гэнэ.
"Мисс-Явган цэргийн эсрэг мина"
Ийм миссийн тэмцээн анх 2007 онд Анголд болжээ. Энэ тэмцээнд явган цэргийн эсрэг минанд өртөж бэртсэн бүсгүйчүүд оролцсон байна. Тэмцээний зорилго нь Ангол дахь иргэний дайны эринийг иргэдэд сануулах, анхаарлыг нь татах зорилготой байсан гэнэ.
Мөн золгүй явдлаас болж үе мөчөө тайруулсан хүмүүст итгэл найдвар өгнө гэж тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагч зураач Мортен Траав үзэж байжээ.
Гэвч орон нутгийн эрх баригчид түүнтэй санал нийлсэнгүй, энэ тэмцээнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж, хүн ёсыг зөрчиж байна хэмээн үзэж хориглосон байна.
"Заан мисс"
Энэ бол 2003 онд зохиогдсон "Заан мисс" тэмцээний ялагч 23 настай Супапорн Донгхаир. Түүний жин 167 килограмм.
Энэ тэмцээн Таиландад болсон бөгөөд энд янз бүрийн хачирхалтай тэмцээн болдгийн нэг нь "Заан мисс". Тэмцээн зааны торонд болдог бөгөөд 90 килограммаас дээш жинтэй бүсгүйчүүд оролцдог аж. Тэмцээний зорилго нь таны төсөөлснөөс огт өөр, заан устаж үгүй болох асуудалд олны анхаарлыг хандуулах гэж ийм тэмцээн зохиодог гэнэ.
"Орон гэргүйчүүдийн мисс"
2009 онд "Орон гэргүйчүүдийн мисс" тэмцээнийг зохион байгуулснаараа Брюссель хот алдаршиж байв. Тэмцээний оролцогчдыг орон гэргүйчүүдээс бүрдүүлжээ.
Энэ тэмцээн нь орон гэргүй хүмүүсийн асуудлыг олны анхааралд оруулах, тэдэнд энгийн амьдралаар хэсэгхэн зуур ч гэсэн амьдрах боломжийг олгох зорилготой байсан гэнэ.
Оролцсон бүсгүйчүүдийг бүгдийг нь сургалтад хамруулж, цааш ажил эрхлэхэд нь тусласан бол 58 настай Терез ван Бель ялагч болсноор өөрт нь зориулж түрээслэсэн байшинд нэг жил амьдрах эрхтэй болжээ.
"Хорих газрын мисс"
Эмэгтэйчүүд хүнд нөхцөлд орсон ч тэд бүсгүй хүн хэвээр л үлдэнэ. Тэдэнд нийгмийн амьдрал хэрэгтэй.
Тиймээс ч АНУ-ын томоохон шорон болох "Флоренс" эмэгтэйчүүдэд зориулан "Хорих газрын мисс" тэмцээнийг жил бүр зохион байгуулах болжээ.
Энэ тэмцээн ихээхэн алдаршиж, телевизээр цацагдах болсон бөгөөд үзэгчийн тоогоор бусад алдартай шоунаас ч дутахааргүй болсон гэнэ.
"Сайхан нүдтэй мисс"
1930-аад онд Флоридад ийм тэмцээн зохион байгуулагдаж байжээ.
Тэмцээний дүрэм ёсоор оролцогчдод баг зүүлгэж, гагцхүү нүдийг нь ил гаргадаг байсан гэнэ. Ингэснээр шүүгчид нүүрний бусад хэсэгт анхаарал сарнихгүй гагцхүү хамгийн сайхан нүдийг шалгаруулдаг байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |