Хятадаас Өмнөд Солонгост очсон нэгэн жуулчин коронавирусийн шинжилгээ нь эерэг гарч, тусгаарлагдахаар болох үед зугтсан хэрэг гарчээ.
KBS телевизийн мэдээлснээр, Хятадаас ирсэн 40 настай эр Инчоны нисэх буудал дээрээс зугтсан байна. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул тусгаарлалтад оруулахаар зэхэж байх үед тэрбээр ийнхүү зугтжээ.
Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж, дараа нь Сөүлийн зочид буудлаас олсон байна. Улмаар Хятадын иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр энэ эмнэлэгт долоо хоногт тусгаарлах аж.
Түүнийг халдварт өвчнөөс сэргийлэх, хянах тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл нэг жилийн хорих ял эсвэл 8000 доллараар торгох гэнэ.
Өмнөд Солонгос нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн Хятадаас ирж буй жуулчдаас коронавирусийн шинжилгээ авах болсон. Түүнчлэн Хятадаас ирж буй хүмүүс нисэхээс 48 цагийн өмнө хийлгэсэн, шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай юм. Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр,нэгдүгээр сарын хоёрны өдрөөс хойш 917 шинжилгээ авснаас 26 хувь нь эерэг гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |