Хар тамхины бүлэглэлийн толгойлогч асан Эль Чапо буюу Хоакин Гусманы хүү Овидио Гусманыг Мексикт баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эль Чапогийн хүү, хар тамхины наймаачин Овидио Мексикт баривчлагджээ
Эль Чапогийн хүү Овидио Гусман Лопес мөн л хар тамхины бүлэглэлийн толгойлогч байсан бөгөөд түүнийг баривчлах үеэр гудамжинд мөргөлдөөн гарч, олон хүн шархдаж, 250 машин хулгайлагдсан гэнэ. Түүнчлэн баривчилгаа хийх үеэр хоёр нисдэг тэрэг, нэг онгоцыг сөнөөсөн байна.
Овидио Гусман Лопес нь "Синалоа" хар тамхины бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусманы хүү юм. Түүнийг нэгдүгээр сарын тавны үдэш Синалоа мужийн Кульякан хотод баривчилж, Мексикийн Агаарын цэргийн хүчний онгоцоор Мехикод хүргэн, чанга дэглэмтэй шоронд хорьжээ.
Түүнийг баривчилсны дараа хотын гудамжуудад буудалцаан эхэлж, зарим гудамжийг машин шатаан хаасан байна. Хотын эрх баригчид оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, бүх шатны сургуулиудын хичээлийг түр зогсоожээ.
Мужийн нийгмийн аюулгүй байдлын газрын тэргүүний өгүүлснээр, Овидио Гусманыг баривчлах үеэр хууль сахиулах байгууллагын долоон ажилтан шархаджээ. Түүнчлэн цагдаа, армийнхан бүлэглэлийнхэнтэй мөргөлдөх үеэр 10 хүн амиа алдаж, 29 хүн шархадсан гэж мужийн захирагч Рубен Роча Мойя мэдэгдсэн байна.
El Milenio сонины мэдээлснээр, хар тамхины бүлэглэлийн толгойлогчийн хамгаалагчид хуягласан машин дээр том калибрын зэвсэг байршуулан буудсаны улмаас хоёр нисдэг тэрэг суманд оногджээ. Түүнчлэн Кульяканы нисэх буудал дээр нэг онгоц газардах үед бүлэглэлийн дайчид сөнөөсөн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |