АНУ-д коронавирусийн ХВВ1.5 хувилбар тархаж, Их Британид ч энэ хувилбар бүртгэгджээ. Эрүүл мэндийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, энэ дэд хувилбар нь Хятадад тархаж буй дэд хувилбаруудаас илүү халдварлах чадвартай гэнэ.
ХВВ.1.5 гэж юу вэ ?
Энэ нь дэлхий даяар давамгайлж байгаа Омикрон штаммын нэг хувилбар аж. Омикрон хувилбар нь анхдагч хувилбараасаа илүү халдварлах чадвартай олон дэд хувилбарыг үүсгэсэн байна.
ХВВ 1.5 хувилбарыг Омикроны өмнөх хувилбаруудын шинж тэмдгүүдтэй адилхан гэж үздэг ч үүнийг батлахад хараахан эрт байгаа аж. Энэ хувилбарын халдвар авсан хүмүүст энгийн ханиад томуу шиг шинж тэмдэг илрэх нь олонтаа байдаг гэнэ.
Юэн Харристоны хүрээлэнгийн ажилтнуудын үзэж байгаагаар, ХВВ.1.5 хувилбар нь Омикрон штамын хоёр өөр хувилбарын халдварыг нэгэн зэрэг авсан өвчтөнүүдээс үүдэлтэй байж болзошгүй аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, ХВВ 1.5 дэд хувилбар нь саяхныг хүртэл бүртгэгдсэн вирусийн бусад хувилбаруудаас илүү тархацтай байх нь тогтоогдсон байна. Гэхдээ үүнийг энгийн омикрон штаммаас илүү аюултай эсвэл хортой гэж үзэх үндэслэл байхгүйг ДЭМБ онцолжээ.
Шинжээчдийн тооцоолсноор, АНУ-д шинэ тохиолдлуудын 40 гаруй хувь нь ХВВ.1.5 хувилбараар үүсгэгдсэн, энэ улсад ХВВ.1.5 дэд хувилбар давамгайлж байгаа аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр нийт тохиолдлын ердөө дөрөв орчим хувь нь энэ дэд хувилбараар үүсгэгдсэн байсан бол халдварлах чадвар нэн өндөртэй энэ хувилбар сар орчмын хугацаанд л АНУ даяар тархажээ. Сүүлийн үед АНУ-д коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлсэн бөгөөд тус улсын эрх баригчид шинжилгээг үнэ төлбөргүй хийх хөтөлбөрийг дахин эхлүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |