Үнэн алдартны шашинтнууд Зул сарын баярыг нэгдүгээр сарын долооны өдөр тэмдэглэдэг. Энэ өдөр сөргөлдөгч талууд эвлэрэх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавихад Зеленский татгалзсан талаар Коммерсант мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос ийнхүү эвлэрэх санал нэрийн дор Украин, Европын эсрэг түрэмгийллийн "шинэ давалгаанд бэлдэх гэж байна" хэмээн Володимир Зеленский үзэж байгаа аж. Гал зогсоох дэглэмийн үеэр Орос улс фронтын шугман дээрх байршлаа хүч нэмэгдүүлэхийн тулд ийм санал тавьсан гэж Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.
"Тэд Донбасс дахь манай залуусын үйл ажиллагаа түр зогсоож, манай байршил руу техник, зэр зэвсэг, дайчлагдсан хүмүүсээ татахын тулд Зул сарын баярыг халхавч болгон ашиглахыг хүсэж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Зул сарын баяраар эвлэрэл зарлахыг анх Оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилл гаргасан юм. Үүний дараа Путин байлдааны фронтын шугамын дагуу бүхэлд нь гал зогсоохыг тушааж, Украиныг ч мөн ийм алхам хийхийг уриалж байв. Путиний энэ тушаалыг хэрэгжүүлж эхэлсэн гэж Оросын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн юм.
Зул сарын эвлэрэл зарлах саналд Украины эрх баригчид анхнаасаа л үл итгэн хандаж байлаа. Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк энэ саналыг "урхи, суртал ухуулгын нэг хэсэг" хэмээн нэрлэж байв. Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Киев энэ санаачилгыг нухацтай хүлээж авахгүй гээд Зеленский "10 алхмаас бүтсэн энхийн томъёоллыг өмнө нь санал болгосон" хэмээн онцолсон юм.
Оросын талаас гаргасан энэ саналыг АНУ, Европ ч дэмжээгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч ийм алхам хийснээрээ "бага зэрэг хүчилтөрөгч олж авахыг хичээж байна" хэмээн онцолсон. Харин Европын Гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Петер Стано ЕХ Оросын зарласан гал зогсоох горимд итгэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Түүний үзэж байгаагаар Оросын энэ санал нь "Зэр зэвсгийн нөөцөө нөхөх, цэргийн хүчнээ шилжүүлэн байршуулах эсвэл олон улсын өмнө сүйрсэн нэр хүндээ сэргээх гэсэн оролдлого гэнэ. "Дангаар гал зогсоох талаар зарлаж байгаад итгэхийн тулд Орос жишээ нь цэрэг, зэвсгээ Украины нутгаас гаргах хэрэгтэй" хэмээн Стано мэдэгджээ.
Энд дуулгахад Москва болон бүх Оросын хамба лам Кирилл нэгдүгээр сарын зургааны 12:00 цагаас нэгдүгээр сарын долооны өдрийг дуустал байлдааны ажиллагаа явагдаж буй бүсэд зул сарын эвлэрэл зарлахыг уриалсан юм. Тэрбээр урьд нь ч Украины эсрэг Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |