ОХУ бусдын нутагт эхлүүлсэн дайнаа үргэлжлүүлсээр 11 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Орос, Украин хоёр тал аль аль нь ихээхэн хохирол амссан юм. Бие бүрэлдэхүүний асар их хохирол амссан Орос улс цэргийн дайчилгаа зарлан хохирлоо нөхсөн ч фронт руу явсан дайчлагдсан эрчүүд амиа алдсаар байгаа талаарх мэдээллүүд гарсаар байна.
Орос улс ийнхүү хөнөөгдсөн орос хүн бүрийн өшөөг авна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Тэрбээр Оросын иргэдэд хандсан АНУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд хариу болгон ийм мэдэгдэл хийжээ.
"Та нар өөрөөр яриад ойлгохгүй бол хүч хэрэглэсэн хэлээр л ярина даа. Мөн бид улам их орчин үеийн зэвсэг гаргана. Тэр зэвсгээрээ та нар XXI зуунд төрүүлсэн нацист улсыг нухчин дарна. Манай улсын хөнөөгдсөн иргэн бүрийн төлөө гэмт хэрэгтэн бүрээс өшөө авна " хэмээн Медведев Телеграм хуудсандаа бичжээ.
Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас оросуудад хандсан мэдэгдэл нэгдүгээр сарын тавны өдөр нийтлэгдсэн юм.
"Манай хоёр орон өрсөлдөж, дэлхий дахины өмнө тулгарсан сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллаж байсан. Танай утга зохиолыг манай сургуулиудад заадаг. Танай бүтээлүүдийг хамгийн нэр хүндтэй соёлын байгууллагууд тоглодог. Түүхэн явцад манай хоёр орон соёлын ижилсэл, хамтын ололтыг бүтээсэн. Өнөөдөр болж буй зүйлс та бүхэнд байж болшгүй санагдаж байгаа, та бүхэн энх тайван амьдралыг бүтээхийг хүсэж, бидэнтэй эв санаа нэг байна гэж бид бодож байна" хэмээн АНУ-ын мэдэгдэлд өгүүлжээ.
Энэ мэдэгдэлд Украины сөргөлдөөн болон Оросын хотуудад гарсан эсэргүүцлийн арга хэмжээний дүрс бичлэгийг хавсаргасан байв.
Г.Бямбасүрэн