Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа салхи оруулах сураг дуулдаж эхлэв. Хэд хэдэн сайдыг хольж сольж, УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлэх бололтой.
Шадар сайр С.Амарсайханы оронд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох талаар яригдаж буй бололтой. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хавсран гүйцэтгэж буй Боомтын сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр яригдаж байна.
Засгийн газар 16 яамтай. Одоогоор 10 сайд нь давхар дээлтэй байна. Дээрх томилгоо хийгдвэл давхар дээлтэй сайд гурваар нэмэгдэнэ. Батлах хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Соёлын яамыг эс тооцвол Засгийн газар бараг бүхэлдээ давхар дээлтэй сайд нараас бүрдэнэ гэсэн үг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулийн онцгой эрх бий. Урьд өмнө ямар ч Ерөнхий сайд эдэлж байгаагүй онцгой эрхээр тэр хүссэн үедээ танхимдаа халаа сэлгээ, томилгоо хийж болно. Энэ эрхээ хэдэнтээ эдлээд байгаа Ерөнхий сайд дахиад ч эдлэх бололтой.
Гэхдээ энэ удаа халаа сэлгээ хийх тохиромжтой цаг мөн үү. Тэр дундаа Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүний гарт өгчихөөд юу хүсэж, хүлээх вэ?! Монголын эрүүл мэндийн салбар өөрөө сэхээний тасагтаа, доройтон хэвтэж буйг ээлж дараалан болж буй үйл явдлууд хангалттай харуулдаг. Салбарын санхүүжилт, удирдлага, эмч мэргэжилтнүүдийн хариуцлага, ёсзүй, харилцаа, хандлага гээд энэ салбарт гялтайхаас бараан зүйл нь илүү олон. Гэхдээ мэргэжлийн хүн арай дөрийг нь олж, ядаж л гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоонд шилжүүлж, ажиллаж чадсан нь үнэлүүлдэг болохоор зүтгэж байна. Гэтэл одоо мэргэжлийн бус хүн энэ салбарт юу хийх билээ, урьд өмнө олон удаа мэргэжлийн бусчуудаар удирдуулсан ч сэхэл аваагүй, шал дордсон шүү дээ. Угаас боловсрол, эрүүл мэндийн салбарыг хэдий чинээ оролдож, халж сэлгэнэ тэр хэрээр дорддогийг бид хангалттай мэдэрсэн.
Засгийн газар халаа сэлгээний шаардлага байгаа бол Эрүүл мэндийн сайдыг биш хотын даргыг сольё. Мэргэжлийн хүн нь салбартаа үлдэж, улстөрчид нь харин хотоороо “тоглоно” биз. Д.Сумъяабазарын оронд гайгүй гээд хуруугаар өлгөчих менежер авчраад тавьчих. Хотыг улстөрч, бөх биш гал тогооны хүн л удирдаж, ядаж л асуудлын шийдлийг олно.
Сахил хүртэж, сайдтай хүч хавсарсан ч шийдэлгүй түгжрэл, сайжруулсан түлш өрдсөн ч шингэрээгүй утаанд лав Д.Сумъяабазар даргын хүч хүрэхгүй нь тодорхой байна.
Б.Хэрлэн