Хятадад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавигдах шаардлагыг чангатгажээ. Шинэ журмыг Хятадын Боловсролын яам 12 дугаар сарын 28-ны өдөр нийтлэсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Боловсролын яамны гаргасан журамд хичээл явуулах цагийн нэмэлт хязгаарыг тогтоосны дээр нэг удаагийн дээд төлбөрийг 5000 юань болгон тогтоожээ. Ингэснээр хувийн сургалтын төвүүд суралцагчдаас хэт өндөр төлбөр авах боломжгүй болж байгаа аж. Түүнчлэн улсын ерөнхий боловсролын албан хөтөлбөрт багтдаг хичээлүүдээр хувийн сургалтын төвүүд сургалт зохион байгуулахыг хоригложээ.
Мөн сургалтаа танхимаар заадаг төвүүд анги танхимдаа дуу болон дүрс бичлэгийн систем суурилуулах үүрэг хүлээсэн байна. Шинэ журмын хэрэгжилтэд орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хяналт тавин ажиллах аж.
Г.Бямбасүрэн