Америкийн "Оскар"-тай адилтгахуйц, Францын нэр хүндтэй "Сезар" шагналыг гардуулах ёслолын зохион байгуулагчид энэ онд зочдод хатуу шаардлага тавихаар болсноо зарласан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Наадмыг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, 2023 оны наадамд бэлгийн гэмт хэрэгт буруутгагдсан, түүнчлэн хорих ялтай бусад хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийг шагнал гардуулах ёслолд оруулахгүй аж. Ингэснээр, хоёрдугаар сарын 25-ны өдөр болох ёслолд дэлхийн киноы өсөж буй од, 25 настай жүжигчин Софиан Беннасер уригдахгүй юм байна. Түүнийг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд Беннасер гэм буруугүй гэж мэдэгдэж байгаа юм.
Францын Кино урлаг, технологийн академи ийм алхам хийх болсон нь 2020 онд болсон үйл явдалтай холбоотой. Тухайн үед наадмын шилдэг найруулагч шагналыг Роман Полански хүртсэн юм. Тэрбээр 1977 онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, урт хугацааны хорих ялаар шийтгүүлэх байсан тул АНУ-аас Францад зугтан иржээ. Түүнээс хойш тэрбээр Франц, Швейцарт байнга дүрвэн амьдарч байгаа бөгөөд түүнд нэр хүндтэй шагнал хүртээсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байв.
Энэ онд түүх давтагдаж болзошгүй гэж болгоомжилсон зохион байгуулагчид бэлгийн хүчирхийлэлд сэжиглэгдэж байгаа жүжигчин Беннасерын нэрийг шагналд нэр дэвшигчдийн жагсаалтаас 11 дүгээр сард хасчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |