Латвийн эрх баригчид аялал жуулчлалын татварыг нэвтрүүлэхээр зэхэж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулж байв. Харин энэ оноос эхлэн жуулчдад ногдуулах татвар авч эхэлсэн бөгөөд насанд хүрсэн нэг жуулчин Рига хотод аялахдаа хоног тутамд нэг еврогийн татвар төлөх аж.
"2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Европ, дэлхийн бусад томоохон хотуудын адилаар Рига хот жуулчны татвар авахаар боллоо" хэмээн Delfi мэдээлжээ. Жуулчин хоног тутамд нэг еврогийн татвар төлөх бөгөөд жуулчин олон хоногоор явж байгаа бол татвар өгөх нийт дүн нь 10 еврогоос хэтрэхгүй байх гэнэ. Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдээс жуулчны татвар авахгүй юм байна.
Жуулчны татварыг Амстердам, Ром, Венеци, Вена, Берлин, Брюссель, Лиссабон зэрэг жуулчид ихээр татдаг томоохон хотууд нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн юм. Рига хот энэ татварыг 2021 оноос нэвтрүүлэхээр зэхэж байсан ч коронавирусийн цар тахлын үеэр жуулчдын тоо эрс багассан тул татварыг хойшлуулж байлаа. Жуулчны татвараас олсон орлогыг аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулна гэж Рига хотын захиргаа мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |