Хятадад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч тус улс энэ сарын наймны өдрөөс хилээ нээхээр болсон. Эрх баригчид нь ийм мэдэгдэл хийсэн өдрөөс л хятадууд аяллын тасалбар, онгоцны тийз захиалах нь огцом нэмэгдэж байв. Хятад хилээ нээж жуулчид гадаад орныг зорих боломжтой болсон энэ үед халдварын тархац өндөртэй газраас коронавирусийн шинэ хувилбарууд зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжилсэн улс орнууд ээлж дараалан холбогдох арга хэмжээг авсаар байна.
Энэ удаад Марокко улс халдвараас сэргийлэх арга хэмжээ авч, Хятадаас жуулчин хүлээж авахыг хоригложээ. SCMP сонины мэдээлснээр, нэгдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн аль улсын харьяалалтайгаас нь үл хамааран Хятадаас ирэх хүн бүрийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэ нь коронавирусийн халдварын шинэ давалгаанаас сэрэмжлэх зорилготой гэж Мароккогийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Цар тахлаас өмнө Африкийн энэ улс жил бүр Хятадаас 500 мянга орчим жуулчин хүлээж авдаг байжээ. Харин энэ удаад коронавирусийн халдвараас сэргийлэн дээрх алхмыг хийснээр Хятадаас жуулчин авахыг хориглосон анхны улс болж байна. Өмнө нь Австрали, Их Британи, Израиль,Энэтхэг, Итали, Канад, АНУ, Франц, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс хятад жуулчдаас PCR шинжилгээний хариу шаардахаар болсон бол Малайз, Филиппинд Хятадаас ирэх хүмүүст тавих хяналтаа чангатгахаар болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |