Бразилд Луис Инасиу Лула Да Силвагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Тэрбээр тангараг өргөх ёслолоо Пелегийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хурааснаар эхлүүлсэн талаар МИР24 мэдээлжээ.
Лула да Силва гурав дахь удаагаа Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа нь энэ юм. Тэрбээр Бразилд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 2022 он дуустал Бразилыг удирдсан Жаир Болсонаруг ялсан. Лула да Силва Ерөнхийлөгчийн албанд дахин очсоныхоо дараах анхны тушаалуудыг гаргасан бөгөөд эдгээр нь зэвсгийн хяналтыг чангатгах, Амазоны ой модыг хөрөөдөх бодлогыг өөрчлөхтэй холбоотой байжээ.
Өдгөө 77 настай Лула 10 дугаар сард болсон сонгууьд ялалт байгуулснаар Бразилын түүхэнд анх удаа гурвантаа Ерөнхийлөгч болсон хүн гэдгээрээ бичигдэж байна. Тэрбээр 2003-2010 оны хооронд Бразилын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өссөнийг ашиглаж, ядууралтай тэмцэх тал дээр ихээхэн амжилтад хүрсэн гэдэг. 2018-2019 онд тэрбээр авлигын хэргээр ял сонсож, шоронд хоригдсон ч түүнийг цагаатгасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |