“Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, бие нь муудан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар 01.01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 37 настай Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01.02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн байна. Харин 37 настай Э.О цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ