Барууны орнууд Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг авах цогц хориг арга хэмжээний хүрээнд тус улсын газрын тосны дээд үнийг тогтоохоор тохиролцсон. Үүний хариуд ОХУ эдгээр оронд газрын тос нийлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, газрын тосны үнийн таазыг тогтоосон гэрээ бүхий гадаадын компани, иргэдэд газрын тос нийлүүлэхийг 2023 оны хоёрдугаар сарын нэгнээс эхлэн хориглох тушаалд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна. Энэ хориг 2023 оны долдугаар сарын нэгэн хүртэл үйлчилнэ гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. Путиний тушаалын дагуу гагцхүү газрын тос төдийгүй газрын тосны бүтээгдэхүүнүүдийг ч үнийн тааз тогтоосон орнуудад нийлүүлэхийг хориглож байгаа аж.
Эргэн сануулахад, Европын холбооны орнууд руу Оросын газрын тосыг тэнгисээр нийлүүлэх хориг 12 дугаар сарын тавны өдөр хүчин төгөлдөр болсны дээр усан тээврээр нийлүүлэх Оросын газрын тосны баррель тутамд 60 долларын дээд үнийг тогтосоон юм. Энэ хоригийг Европын холбоо, G7-ийн орнууд болон Австрали улс тохиролцон баталсан. Хоригийн зорилго нь Украинд дайн үргэлжлүүлэхэд нь Оросын эрх баригчдад туслах орлогыг багасгах зорилготой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |