Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Өмнөд Кёнсан мужийн захирагч асан Ким Кён Су болон өөр хэд хэдэн улс төрч тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн өршөөлөөр суллагдахаар болжээ. Өршөөл үзүүлэх тухай шийдвэр 12 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болно гэж KBS мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Банк авлигын хэргээр 17 жилийн хорих ял сонсон хоригдоод хоёр жил болж байгаа юм. Өнөөгийн Ерөнхийлөгч өршөөл үзүүлснээр тэрбээр 15 жилийн хорих ялаас мултрахын дээр нийт 6,48 сая доллартай тэнцэх хэмжээний үлдэгдэл торгуулиас чөлөөлөгдөж байгаа аж. Ли Мён Бакийг наймдугаар сард өршөөлд хамруулна гэсэн мээдэлэл гарч байсан ч тухайн үед өнөөгийн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн нэр хүнд унасан байсан тул авлигын хэргээр хоригдсон улс төрчийг суллах нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэний улмаас түүнийг өршөөл үзүүлэх хүмүүсийн нэрсээс хассан байна.
Ли Мён Бак 2008-2013 оны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан. Үүнээс өмнө Сөүл хотын дарга болон Hyundai Engineering and Construction барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байв.
Энэ удаагийн өршөөлд хамрагдан суллагдах болсон өөр нэг улс төрч болох Ким Кён Су Ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний ойрын хүн гэгддэг бөгөөд тэрбээр ялын хугацаа нь дуусахаас таван сарын өмнө суллагдахаар болж байна. Хэдийгээр түүнийг өршөөсөн ч 2027 оны 12 дугаар сар хүртэл төрийн албан тушаал хашихыг нь хориглосон шийдвэр хэвээр үйлчлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |