Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэх хэлцийг Ардчилсан намынхан зориулъя. Энэ бол дуу шуугиантай эхэлсэн ажил хэрэг тэр бүр бүтэлтэй төгсдөггүй гэсэн санаа л даа.
2020 оны УИХ-ын сонгуулиас хойш бүтэлгүйтсэн Ардчилсан намынхан энэ долоо хоногийн даваа гарагт Эв нэгдлийн ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлалаа.
2020 оны зургадугаар сарын 25: Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ талаарх өргөдлөө холбогдох газарт өгсөн. Ардчилсан намаас дэвшиж сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, нэг баг бололцон хамтарч ажиллаж чадаагүй нь сонгуулийн том боломжийг алдсан" хэмээн мэдэгдэж байв.
Ийнхүү С.Эрдэнэ намын даргын тамгыг түр хугацаанд Ардчилсан намын Дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгсөн. Нэг үгээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сонгуульд намаа удирдаж ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж намын даргын ажлаа өгсөн юм. Гэвч үүнээс хойш намын дарга хэн бэ? хэнийх нь тамга жинхэнэ вэ? гэх маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрсэн байна. Ганцхан жишээгээр өнгөрсөн ХОЁР жилийн хугацаанд Ардчилсан нам дээд шүүхэд долоон удаа намын дарга болон намын дүрмийн бүртгэл хийлгэхээр хандсан ч бүтэлгүйтээд байна.
Харин одоо тэд бодит байдалд үнэлэлт өгч,ирэх 2024 оны сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед эвлэрэхээр болжээ. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачлан байгуулсан байна. Ажлын хэсэгт Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, С.Баярцогт нарын 39 хүн багтсан байна. Тэд өчигдөр ажлын хэсгийнхээ анхны хуралдааныг хийж, сүр дуулиантайгаар эвлэрлээ зарлав.
Тэд өчигдөр өдөржин сүржигнэв. Эв нэгдлийн ажлын хэсэгт багтсан намын гишүүд батламжаа гардаж байгаагаа баталгаажуулан зургаа даруулж, нийгмийн сүлжээндээ байршуулан дуу шуутай долоо хоногийг эхлүүлж байгаа нь энэ. Ийнхүү Ардчилсан намын зарим гишүүд "Бүтэн ардчилалын төлөө" нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулах үйл явц өрнөв. Зарим гэж тодотгож байгаа учир нь ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурийн нэр дурьдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын аль нь ч энэ сүржигнэлд оролцсонгүй.
АН-ынхан өнгөрсөн хугацаанд хангалттай олон удаа ойлголцол, эвлэрлийн ширээний ард сүр дуулиантайгаар суусан ч эцэст нь улс төрийн хошин шогийн тоог нэгээр нэмсээр байгааг сануулах нь илүүц биз.
П.ГОО